ЭНЭ ОНД ЗАВХАН АЙМГИЙН СОЁЛЫН САЛБАРТ 18.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ
524 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Соёлын ажилтны зөвлөгөөн Дөрвөлжин суманд боллоо. Тус зөвлөгөөнд сумдын Соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш, номын санч, музейн ажилтан зэрэг 130 гаруй албан хаагч оролцож харилцан туршлага солилцож, өвөл цагийн соёлын ажлын төлөвлөгөө, шинээр хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа. Тус зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож 2019 онд Завхан аймгийн зургаан суманд шинэ Соёлын төв барьж, хоёр сумын Соёлын төвийг засварлаж, есөн сумын Соёлын төвийн техник хэрэгслийг шинэчилж, соёлын салбарт нийт 18.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж буйг дуулгалаа. Цаашид бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл хэрэгт Соёлын төвүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шинэлэг хэлбэрийн ажлуудыг санаачилан зохион байгуулах, Соёлын төвүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулж шинэ шатанд гаргахыг үүрэг болголоо. Аймгийн Засаг дарга соёлын ажилтнуудын саналыг сонсож, тэдний санал бодолд тулгуурлан “Манлай Соёлын төв” шалгаруулах уралдааныг 2019 оны есдүгээр сараас 2020 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулж, тэргүүлсэн сумын Соёлын төвийг пургон автомашинаар шагнахаар шийдвэрлэв.

2019-08-30 09:43:00