ШИЛҮҮСТЭЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.АЛТАНЖАРГАЛ: ЭНЭ ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 80 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙЖ БАЙНА
973 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Сумын нийт өрхийн 60 орчим хувийг нь малчин өрх эзэлдэг, цаашид мал аж ахуйн салбараа түшиглэн хөгжих боломжтой танай сумын тухайд өвөлжилтийн бэлтгэл ажил чухал. Өвлийг зун мэддэг гэдэг. Энэ зун зуншлага ямар байв?

 

Зуны сардаа цагаан суварга, Гэгээн овоогоо тахиж, сүсэгтэн олон даган баясч ард олны минь заяа зол нь тэтгэсэн, өвс ногоо тэгширсэн сайхан зун боллоо. Сумын Засаг даргын захирамжаар хадлан хадах хугацааг тогтоож, иргэдийн нийтийн хурлуудаараа намаржаа, зуслангийнхаа нутгийг тогтоосон. Эдгээр шийдвэрүүдээ хэрэгжүүлэхийн  төлөө хүн бүр идэвх чармайлттай байж, мал сүрэг тарга хүчээ бүрэн авч, малчин түмэн бэлчээрээ хуваарьтай ашиглаж чадваас өвлийг өнөтэй давна гэдэгт эргэлзэхгүй байна. Малчдын 160 гаруй өвөлжөөний 50 хувийг хоёр жилийн хугацаанд засч сайжруулсан бол одоо 40 гаруй өвөлжөөг засварлахад дэмжлэг үзүүлэх хандивын ажил үргэлжилж байна. Малчдаа алдаршуулах, малчдын залгамж халааг дэмжих зорилгоор “Сайн малчдын зөвлөгөөн”, “Малжуулах төсөл” “Саравч” зэрэг уламжлалт  арга хэмжээнүүдийг зохион байгуулж хэвшлээ.  

 

Шилүүстэй сум баяр наадмаа долдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэ жилийн онцлог нь юу байв. Сумын наадмынхаа тухай товчхон хуучилбал?

 

Аймгийн Засаг даргын захирамжаар энэ жил манай аймгийн бүх сумдын баяр наадам долдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд нэгэн зэрэг зохион байгуулагдсан нь ард иргэдийн сэтгэлд хүрсэн сайхан арга хэмжээ боллоо.

Сумын баяр наадмынхаа үеэр эрийн гурван наадам, 11-13,14-16 насны хүүхдийн барилдаан, жороо морины уралдаан зэргийг зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачилсан “Хонины морьдын уралдаан”-ыг ард иргэд морь унах монгол ахуйд ойртуулсан зөв арга хэмжээ хэмээн сайшаасан тул ирэх жилээс сумынхаа наадамд морьтойгоо ирэх хүний тоо нэмэгдэнэ гэж бодож байна. Морьдын уралдааныг нэг өдөрт багтаан зохион байгуулснаар наадмаа бүрэн үзэж чаддаггүй уяачид бөхөө үзээд сууж буйг харахад сайхан байлаа. Энэ жилийн наадмаар манай сумаас 11 жилийн дараа аймгийн арслан төрлөө. Аймгийн анхны арслан Ч.Ашбалын хөшөөг босгосноор ахан дүүсээс нь аймгийн начин, харцага, арслан , цэргийн арслан, улсын харцага төрөн гарч байгаа аливаа үйлийн сайн үр дүнг харуулж байна. Аймгийн наадамд аймгийн алдарт уяач  Хасбазарын харлаг аман хүзүүдэж Шилүүстэйчүүд сайхан наадлаа.

Өнгөрсөн онд танай суманд бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Тэгвэл энэ жил ямар онцлох ажлуудыг хийж, ард иргэдээ сумандаа сайхан амьдрах нөхцөл бололцоогоор хангаж байна вэ?

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил хугацаандаа чанартай хийгдэж байна. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн дотуур байрын засварын ажлыг гүйцэтгэж дууслаа. Энэхүү бүтээн байгуулалтад 2017 онд ОНХСангийн 9.3 сая төгрөг, 2018 онд 40 сая төгрөг, 2019 онд 80 сая төгрөгийг тус тус зарцуулсан. Энэ жил иргэдээс авсан саналыг эрэмбэлэн хогийн машин авахад 12 сая төгрөг, гудамжны  гэрэлтүүлэг нэмэгдүүлэн засварлахад 10 сая төгрөг, зар сурталчилгааны самбарт 750 мянган төгрөг, төвлөрсөн халаалтын зураг төсөв хийлгэхэд 10 сая төгрөг, хогийн цэгийн тохижилт хийхэд 20 сая төгрөг, усны аюулгүйн нөөцийг хамгаалахад нэг сая төгрөг, “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сая төгрөг, малчдын хөдөлмөр хөнгөвчлөх универсаль трактор авахад 15 сая төгрөгийг тус тус зарцуулж байна. Манай сум “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд ажлын төлөвлөгөөгөө “Бүтээн байгуулалтын”, “Эко орчны” гэсэн хоёр чиглэлээр гарган үр дүнтэй ажилласнаар аймагтаа тэргүүн байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

Сум орон нутгаа хөгжүүлэх сэтгэл байгаад болгоё, бүтээе гээд зүтгэвэл аргаа олоод л амжилттай ажиллаж буй олон удирдлагууд байдаг. Ямар нэгэн төсөв хөрөнгө тавигдаагүй ч ард иргэдийнхээ тусламж, санал санаачилга, орон нутгийнхаа нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлж буй ажлууд бий болов уу?

 

Сум орон нутгийн хөгжил гэдэг нь олон зүйлээс хамааралтай юм. Материаллаг орчин, иргэдийн амьжиргааны түвшин хийгээд сэтгэл ханамж, иргэдийн сэтгэлгээ, хандлага , зах зээлээс алслагдсан байдал гээд олон хүчин зүйл нөлөөлж байна. Манай сум дэд бүтцийн хувьд алслагдсан хэдий ч энд амьдарч буй хүн бүхэн миний сум, миний нутаг сайхан болох ёстой гэж боддог. Орон нутагт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний ажилчид, албан хаагчдынхаа дунд гурван жил дараалан “Тавлаг орчинд- Таны оролцоо “ аяныг зохион байгууллаа. Ажилчид маш олон сайхан үйлийг сэтгэж, бага зардлаар үр дүнтэй ажлуудыг хийж орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Засаг даргын санаачилгаар нэг төрийн албан хаагч 10 цэцэг тарьж “Мянган цэцгийн баяр” хийж,  байгууллагууд гадна талбайдаа мандлын цэцгүүд тарилаа. Энэ дашрамд бүхий л үйл ажиллагаанд манлайлан оролцдог төрийн албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн “Эко Завхан” аяны хүрээнд хоггүй орчин бүрдүүлэх, хүүхдүүддээ эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх зорилгоор Засаг даргын дэргэдэх “Эко клуб”-ыг байгуулаад  хоёр жил болж байна . Баяр наадамдаа хоггүй наадаж сурч байна. Хогийн цэгээ засварлах, нийт сумаа камержуулах ажлыг 1996 онд төгсгөсөн шавь нарынхаа хандиваар хийсэн нь хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх нэгэн том алхам боллоо. Наадмаар үеэр мөн”Аймгийн шилдэг эко сум”-аар шалгарлаа.

 

Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах нь хамгийн чухал. Өнгөрсөн жил,  энэ жилийн бүтээн байгуулалтууд хэрхэн үр өгөөжөө өгч байна вэ?

 

Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэгдэж буй ажлуудад орон нутгийн хөгжлийн сангийн улсын үзлэг,  аймгийн аудитын шалгалтууд орсон.  Өнгөрсөн жил сургуулийн түүхт 80 жилийн ойн хүрээнд ихээхэн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх спорт талбай, сумын гэрэлтүүлэг нэмэгдүүлэх , хогийн цэгийг дарж булшлах, моджуулах, бут сөөг тарих, зам даваа засах, халуун усыг сэргээн засварлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Улсын болон аймгийн  төсвийн хөрөнгөөр хийгдэж буй хоёр ажлын гүйцэтгэл чанартай болж орон нутгаас түр ажлын байраар хангагдаад байна.  “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” зорилтын хүрээнд суманд үнээний фермер, хүлэмжийн аж ахуй, оёдлын болон нэхий элдэх цех зэрэг жижиг үйлдвэрүүд бий болгох зорилт тавьж байна. Анхны  хүлэмж нийлүүлэх ажлыг “Санлотиус” ХХК-ийн захирал Н.Үржинбадам хийлээ .

Өнгөрсөн жил сум хөгжүүлэх сангийнхаа эргэн төлөлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа хэлж байсан. Энэ жил эргэн төлөлт ямар байна. Хамгийн гол нь ажлын байр нэмэгдэж, ард иргэд орлоготой болох учиртай?

 

Өнгөрсөн 2017, 2018 онуудад олгогдсон зээлүүдийн төлөлт сайн байгаа. Харин 2016 он түүнээс өмнө өгөгдсөн зээлүүдийн төлөлт бас л хүндрэлтэй байна. Хэрэгцээ гараад зээл авсан хүмүүс цаг тухайд нь төлөөд байвал асуудал үүсэх юм алга. Сумын хэмжээнд 80 иргэний 252.500.000 төгрөгийн зээл олгогдоод 18.079.996 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Суманд барилгын материал, блок, тоосгоны жижиг үйлдвэрлэл, модон эдлэлийн цех, жижиг бизнесүүд, монгол гутал, зөөлөн эдлэл оёдол, мал аж ахуйн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, чанар  үр ашгийг дээшлүүлэх чиглэлийн төслүүд голдуу ирдэг. Бага хувийн хүүтэй сум хөгжүүлэх сангийн зээл маш хэрэгтэй. Иргэд эрэлт, нийлүүлэлт, ашгаа зөв тооцоолж чадвал үр дүнгээ өгдөг хэрэгтэй зээл юм. Одоо 20 гаруй иргэний хугацаа хэтэрсэн зээлүүд байна.

 

Хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээ хэр шуурхай, чанартай хүрч байна вэ. Өнгөрсөн жил багийн Засаг дарга нар, эмчийг унаажуулсан. Энэ хөрөнгө оруулалт нэлээн үр дүнгээ өгч байгаа болов уу?

 

Аймгийн засаг даргын зүгээс хөдөөгийн багт хүрч үйлчлэх анхан шатны үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор багийн дарга нарыг унаажуулах асуудлыг шийдсэн. Манай дөрвөн багийн дарга нарын унаа бүрэн шинэчлэгдсэн, багийн эмч нар  ч ялгаагүй унаагаар хангагдсан. Багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд төрийн албан хаагч бүр 3-4 өрхийг хариуцан мэдээллээр хангаж, туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж, төрийн албан хаагчдын ажлын үзүүлэлтэд нь тооцож байна.  Мөн багийн дарга нар сард 1-2 удаа бүх өрхөөр орж тэдний санал бодлыг сонсон мэдээллээр хангаж байна. 

 

Залуу малчдад тулгамддаг чухал асуудлын нэг бол зургаан настай хүүхдээ дагаад төв суурин газар бараадах, айл өрхүүд хоёр тусдаа амьдрах бэрхшээл тулгардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар сум бүрт малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө” байгуулсан. Энэ ажил танай суманд хэр үр дүнтэй өрнөж байна вэ?

 

Сургуулийн дотуур байранд малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-г байгуулж  өнгөрсөн жил хүүхдүүд амьдарсан. Энэ жил ч мөн хүүхдүүддээ урилгаа өгөөд байна. Хүүхдүүд малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-ндөө амьдрах дуртай болоод байгаа. Энэ арга хэмжээ бол малчдад өгөөжөө өгсөн шинэлэг үйл ажиллагаа болоод байна.

 

Халхын тамгатай 13 хутагтын 10 нь Завхан аймгаас төрсөн учраас “Оюуны их энергийн төв” гэж нэрлэдэг. Цагаан дарь эхийн бүрэлбаа Милово богд Цэрэндондов хувилгааны 100 жилийн ой өргөн дэлгэр боллоо. Энэхүү үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

 

Милово богд андиа гэгээнтний 100 жилийн ойн арга хэмжээ долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын хоёрны өдрүүдэд  боллоо. Энэхүү арга хэмжээний суварганы засвар шинэчлэлт, төрсөн газарт нь  гэрэлт хөшөө  босгох ажлыг “Гарьд сан” гүйцэтгэлээ. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нутгийн ахан дүүс хамтран “Андиа сан”-г  байгуулж олон хүний хандив дэмжлэгтэйгээр өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.Энэ арга хэмжээнд нутгийн хүү Б.Баяраа 13 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж бөхийн бай шагналыг хариуцлаа. Азарга насны морьдын бай шагналыг Баян –Улаан багийн харьяат Чанцалын үр хүүхдүүд, их насны морьдын бай шагналыг  “Мөнхийн Ашдын Зам” ХХК-ийн захирал Д. Нанзаддорж, соёолон насны морьдын бай шагналыг Хөгжил багийн харьяат Л.Балдансэнгийн үр хүүхдүүд, хязаалан насны морьдын бай шагналыг Хөгжил багийн харъяат Д.Энхбаатар,  шүдлэн насны морьдын бай шагналыг  “Шаварт хөөвөр” морин спорт уяачдын холбоо,  дааган насны морьдын бай шагналыг Баян-Улаан багийн харьяат Д.Гаанжууржав, сур харвааг  Хөгжил багийн харьяат Э.Баасанхүү, жороо морьдын уралдааныг Чандмань багийн иргэн Д.Базардорж, сагсан бөмбөгийн тэмцээнийг “YLM”  ХХК-ийн захирал Н.Мөнхбаясгалан, гар бөмбөг, шатрын тэмцээнийг аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа  нар ивээн тэтгэж, олон хүн буяны үйл ажиллагаанд хандив өргөлөө. Аймгийн болон сумын комисс 34 төрлийн арга хэмжээ бүхий ажлын төлөвлөгөө гарган ажиллалаа.

 

Одоо Шилүүстэй суманд нэн тэргүүнд тулгамдаж буй ямар асуудал  байна?

 

Сум орон нутагт нэн түрүүнд шаардлагатай ажил бол төвлөрсөн халаалт юм. Бүх төсөвт албан байгууллагуудын халаалтын зуух нэлээд муудсан учир халаалтын зураг төсөв хийлгэх, концессийн гэрээ байгуулах зэрэг ажлуудыг хөөцөлдөж байна. Мөн сумын Засаг даргын Тамгын газрын барилга он удаан жилийн элэгдэлд орсон, мэргэжлийн байгууллагын зүгээс ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаад байна.

 

2019-08-14 15:54:46