Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх-2019” жил болгон тус тус зарласантай холбогдуулан ШӨХТГ-ын орон тооны гишүүн Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Завхан аймагт ажиллаж баруун бүсийн орон тооны бус улсын байцаагч нарт сургалт зохион байгууллаа. Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг сурталчилан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилготой тус сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгуудын нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий салбар зөвлөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус улсын байцаагч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
Энэ үеэр мөн Зар сурталчилгааны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тус тус мэдээлэл өгч орон нутгийн орон тооны бус улсын байцаагч нар орон нутагт холбогдох хуулиудын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Түүнчлэн аймгуудын ИТХ, Засаг даргын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгогдсон эрх, үүргийн хэрэгжилт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай тус тус танилцаж зөвлөмж өглөө.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ