“АРЦ СУУРЬ-2019” ХИЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 9 АЙМГИЙН 500 ГАРУЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ОРОЛЦОВ
905 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хойд талаараа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улстай Арц суурийн боомтоор хиллэдэг Завхан аймаг нэг хэсэг тасалдаад байсан хилийн үзэсгэлэн худалдааг Тува улсын Ерөнхийлөгчтэй Завхан аймгийн Засаг дарга хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу дахин сэргээж энэ жил 4 дэхь жилдээ зохион байгууллаа. Аравдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Завхан аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус яармагт ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Эрзин хошууны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Намжа Сергек, Засаг дарга Орлан Чигжит, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлан дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан, хоёр орны худалдаа эрхлэгчид, 2000 орчим иргэд оролцлоо.

Үзэсгэлэн худалдаанаас Бүгд Найрамдах Тува улсын ард иргэд хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, тэр дундаа Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ихээр сонирхон худалдан авалт хийдэг бөгөөд хоёр орны хувьд худалдаа, эдийн засгийн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Үзэсгэлэн яармагийн үеэр иргэдийг хилээр гарахад нь шуурхай үйлчилж ажилласан бөгөөд цаашид хоёр орны хилийн боомтууд дээр дотоодын үйлдвэрлэлийн бөөний төвүүдийг байгуулахаар төлөвлөжээ.

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтынхоо хүрээнд орон нутгийнхаа үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжиж жилд 4-5 удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Арц суурийн хилийн боомтын үзэсгэлэн худалдаанд оролцогчдын тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 

2019-10-15 22:50:57