Завхан аймаг ард иргэдээ сонсдог, иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнадаг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг, төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг, иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлэн гурав дахь жилдээ амжилттай ажиллаж байна. 2018 онд нийт гурван удаа, давхардсан тоогоор 44.800 гаруй иргэнийхээ санал хүсэлтийг нэгтгэн боловсруулж, бодлогын шинж чанартай 23.600 саналыг багцлан 2019 оны аймаг, сумын үндсэн чиглэл, бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлсэн юм. Энэ оны нэгдүгээр сард нийт айл өрхүүдийнхээ 70 хувиар нь орж ард иргэдийнхээ саналыг сонсож ажилласан бол наймдугаар сард хөдөөгийн 88 багийн 14 мянга гаруй иргэнийхээ санал бодлыг сонссон билээ.
Аравдугаар сарын 5-аас 15-ны өдрүүдэд “Ард иргэдээ сонсох 7 дугаар аян”-аа зохион байгуулж хөдөөгийн 23 сумын төвийн багийн иргэдийн санал хүсэлтийг сонсож, аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2019 онд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа. Мөн төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээр үнэлүүлж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг бичгээр авлаа.
Энэ онд Завхан аймагт 90.7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, шинээр 23 барилга байгууламж баригдаж байна. Авто замын бүтээн байгуулалтын ажлыг 300 тэрбум төгрөгөөр, нийт 400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж байна. “Ард иргэдээ сонсох 7 дугаар аян”-ы үеэр иргэд аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нар ард иргэдийн асуултад хариулт өгч ажиллалаа.
Авто зам болон бусад бүтээн байгуулалтын ажлууд Завхан аймагт эрчимтэй өрнөж, хүнийхээ хөгжилд чиглэсэн олон бүтээлч ажлыг санаачилан хийж буйд ард иргэд талархлаа илэрхийлж байв. Тухайлбал, иргэдээ соён гэгээрүүлэх зорилгоор хөдөөгийн 23 сумын Соёлын төвүүдийн дунд “Манлай соёлын төв” шалгаруулах болзолт уралдааныг энэ оны есдүгээр сарын 1-ээс ирэх оны тавдугаар сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулж буйг иргэд сайшааж байлаа. Мөн ард иргэдийнхээ эрүүл мэндэд онцгойлон анхаарч, бүх нийтийг чийрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор сум бүрийн Соёлын төв, спорт заалыг өглөөний 6:30-09:00 цагт нээж иргэдэд үнэ төлбөргүй үйлчилэхээс гадна сумдын Эрүүл мэндийн төвүүд иргэддээ мэдээлэл өгч нэг баг болж ард түмнийхээ эрүүл, аз жаргалтай амьдралын төлөө ажиллах нэгэн шинэ арга хэмжээг эхлүүлэхээр болсныг энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан дуулгалаа.
Ийнхүү Завхан аймаг 2019 онд “Ард иргэдээ сонсох аян”-ыг гурван удаа зохион байгуулж 35 мянган иргэнийхээ санал бодлыг сонсож төрийн албан хаагчдынхаа ажлыг ард иргэдээрээ үнэлүүллээ.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ