ТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА Т.ГАН-ОД:ТҮҮХТ ОЙН БАЯРУУДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
822 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Тэс сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, бусад ойн баярууд гээд энэ зун олон ажил ундарч, хол ойрын зочин гийчин ихтэй байсан байх. Ойн баяруудын үеэр зохион байгуулсан онцлох ажлуудын талаар хоёулаа ярилцлагаа эхэлье?

 

Тэс сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, сумын Эрүүл мэндийн төвийн 60 жил, Тэсийн тэжээлийн аж ахуй байгуулагдсаны 50 жил ойгоо  хөдөлмөр бүтээлийн өндөр амжилттай угтаж, Тэс нутгийн уугуул зон олон нутгаа зорин ирж, ойн үйл ажиллагаагаа ёслол төгөлдөр өргөн дэлгэр сайхан боллоо. Ойн баярын үеэр 11 комисс ажиллалаа. Хурдан морины уралдааныг зургаан насны ангиллаар зохион байгуулж, 400 гаруй  хурдан хүлгүүд тоосоо өргөлөө. Монгол  Улсын харцага Ш.Уламбаяр, Монгол Улсын начин Г.Баасандорж, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн заан Б.Болдбаатар нарын аүчит  128 бөх зодоглолоо. Монгол улсын даян мэргэн Б.Ёндон, ардын хувьсгалын 98 жилийн өсвөрийн сурын харвааны тэргүүн харваач Ө.Мөнхзул тэргүүтэй мэргэн харваачид онч мэргэнээ сорьж, “Жороо морьдын уралдаан”,”Сайхан хос морьтон шалгаруулах тэмцээн”, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Өсвөрийн бөхийн барилдаан”, “Сээр хугалах тэмцээн”, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатрын тэмцээнүүдийг тус тус зохион байгууллаа.

 

Түүхт ойгоо угтаж 60 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн тухай ярьж байсан.  Тэдгээр ажлуудаас онцлох бүтээн байгуулалтууд нь юу байв?

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Занын Ширнэн, Мудлайн Гомбосүрэн нарын хөшөө цогцолборыг босгож, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Тэс адууг үүлдэр болгон батлуулах ажлын хаврын хэмжилт судалгааны ажил, сумын төвийн Гандан хийдэд иргэд, албан байгууллагын хандиваар их засварын ажил хийлээ. Мөн Орхон аймгийн Нутгийн зөвлөлөөс найман сая төгрөгийн өртөг бүхий “Сагсан бөмбөгийн талбай”, иргэдийн хандиваар Цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглоом, хашааны шинэчлэл хийсэн бол “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд сумын төвийн албан байгууллагууд хашаа хайсаа шинэчилж, айл өрхийн 90 орчим хувь нь хашаагаа шинэчилэн засварлаж өнгө үзэмжээ сайжрууллаа. Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл болон Лозвой гуайн үр хүүхдүүдээс Цэцэрлэгт хүрээлэнгийн хайс хашаа, сумын 60 жилийн ойн ном,  хүндэт тэмдэг хийлгэх ажлыг санхүүжүүллээ.  Тэс голын Монгол улсын алдарт уяач Г.Нагааранзын даян түмний эх сартай хүрэн, аймгийн алдарт уяач Н.Тангадын хурдан хул азарга, Дооно багийн малчин, ахмад уяач Ж.Сандуй баавайн муухай хээр  морьдын хөшөө дурсгалыг босгож хүндэтгэл үзүүллээ.

 

Ойн хүрээнд хийсэн бүтээлч ажлуудаас гадна улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудынхаа явцын талаар мэдээлэл өгөөч?

 

Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нутгийн удирдлагын ордон, 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  Нийтийн биеийн тамир спортын талбай, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн их засварын ажил, 9.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүр багийн нэгдүгээр хэсэгт ухаалаг худаг хийлээ. Дөрвөн сая төгрөгөөр Соёлын төвийн хашаа хайсыг шинэчилж, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн долоон сая төгрөгөөр техник, тоног төхөөрөмжтэй боллоо.

.

Энэ онд танай сумын орон нутгийн хөгжлийн санд 82.8 сая төгрөг батлагдаж 25 ажил хийхээр шийдвэрлэсэн. Одоогоор гүйцэтгэл ямар  байна вэ?

 

60 хувийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн ажлуудаа ондоо багтааж хийнэ. Сумын төвийн нэгдсэн хаягжилтыг орон нутгийн хөгжлийн сангийн 6.5  сая төгрөгөөр, сумын төвийн замын хөдөлгөөнийг хянах камерыг 6.4 сая төгрөгөөр, Соёлын төвийн тохижилтыг дөрвөн сая төгрөгөөр хийснээс гадна гудамжны гэрэлтүүлэг засвар, дөрвөн баг иж бүрэн тохижилттой шинэ  гэртэй болсон. Гэрийн дотор тохижилтийг хийсэн, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, нийтийн спорт баяр наадмын талбай, улс орон нутгийн зам даваа, түүхт дурсгалт газрын тэмдэг тэмдэглэгээ зэрэг олон ажлыг хэрэгжүүлж байна.

 

Хөрөнгө оруулалтын чуулганаар сумандаа ямар үйлдвэрлэл байгуулахаар болов. Ажил хэр урагштай байна вэ?

 

Хөрөнгө оруулалтын чуулганаар сумандаа сүү цагаан идээний үйлдвэрлэл байгуулахаар болж тоног төхөөрөмжийн захиалга хийгдсэн. Мөн “Ахуйн үйлчилгээний төв” шинээр  барихаар болсон. Хатаасан мах, консервны үйлдвэр байгуулах гэрээ байгуулж, судалгааны ажил хийгдэж байна.

 

Танай сумын нэг онцлог бол тэжээлийн аж ахуйгаа түшиглээд газар тариалангаа хөгжүүлэх боломжтой. Энэ тал дээр ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

 

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 3000 га талбайд газар тариалан эрхлэхээр  батлагдсан. Үүний дагуу хүсэлт илгээсэн иргэд, аж ахуй нэгжүүдийн төслүүдээс   “Тэс-Агро” ХХК-ийг сонгож, 3000 га газрыг эзэмшүүлсэн. Энэ намар уриншийн ажил эхэлнэ,  ирэх хавраас ногоон тэжээл тариалах төлөвлөгөөтэй байна.

 

“Эко Завхан” аяны хүрээнд хийж буй бусад сум орон нутагт туршлага болохуйц шинэлэг ажлуудаасаа хуваалцвал?

 

Нийтийн биеийн тамирын талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй болсноос гадна амралт зугаалгын цэг, ногоон бүс, сумаас гадагш явсан зам даваа, овоог  аж ахуйн нэгж албан байгууллагуудад хуваарийн дагуу хариуцуулж  долоо хоног бүрийн Баасан гаригийг “Хог цэвэрлэгээний өдөр” болгож хэвшсэн. Хаврын мод тарих үндэсний өдрөөр сумын хэмжээнд 370 ширхэг мод, 100 метр.квадрат талбайг зүлэгжүүлж, 152 ширхэг цэцгийн мандал, 250 ширхэг тасалгааны цэцгийг  тариаллаа. Энэ ажилд есөн албан байгууллага, 166 иргэн оролцож үр үрсэлгээг захиалсан  байна.

 

Завхан аймгийн ихэнх суманд энэ жил өвс ногоо тэгширсэн сайхан зун болсон. Танай сумын тухайд?

 

Энэ зун хур тунадас багагүй орж , өвс ногооны гарц сайтай дэлгэр сайхан зун болж өнгөрлөө. Жимс ногоо элбэгтэй налгар намрын сар гарч  малчид, иргэд өвс хадлан, өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орсон байна.

 

Өвөлдөө цас их унаж, хүйтэрдэг сум учраас мэдээж бэлтгэл ажлаа эрт эхлэх шаардлагатай. Энэ жил өвөлжилтийн бэлтэлээ хэрхэн зохион байуулахаар төлөвлөж байна вэ?

 

Сумын Засаг даргын захиарамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулж үүрэгжүүлсэн. Намрын өвс хадландаа гарах өдрийг сумын хэмжээнд тогтоож нэг өдөр нэгдсэн журмаар хадландаа гарна.Өмнөх жилийн бэлтгэсэн өвс тэжээл байгаа. Сумын төвийн бүх албан байгууллагууд нэгдсэн халаалтад холбогдсон ба Хилийн цэргийн анги дотооддоо уурын зуух барих ажил 85 хувьтай явагдаж байна.

 

 Танай суманд тулгамдаж буй асуудал бий юу. Цаашид сум орон нутгаа хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

 

Завхан аймгийн 24 сумаас Тэс сум ОХУ-аас тог цахилгаанаар хангагддаг. Увс аймгийн Зүүн хангай сумаас авч буй тогны хүчдэлийг 15.000 мгв болгох, сумын төвийн 04-ийн шугамыг шинэчилэн засварлах ажил тулгамдаж байна. Ингэснээр сум орон нутагт тогны хүчдэл сайжирч,  жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж боломж бүрдэнэ. Цэцэрлэгийн барилгын зураг төслийн ажлыг хөөцөлдөж байна. 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 200 гаруй хүүхэд суралцаж байна. Тиймээс шинээр цэцэрлэг барих зайлшгүй шаардлагатай. Соёлын төв, Цагдаагийн тасгийн дээврийн засварын ажил, сумын төвийн нэгдсэн хогийн цэгийг шууж булшлах, хогны цооногтой болох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

 

 

2019-07-30 09:55:00