ЯРУУ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХТӨР: СҮЛЖМЭЛИЙН ЦЕХ АШИГЛАЛТАД ОРЛОО
1789 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Яруу сумын өнгө үзэмж сайжирч, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа харагдана. Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн үйл ажиллагаа угтаж олон бүтээн байгуулалтын ажил хийсэн болов уу?

 

Сургуулийн ойг тэмдэглэх комисс бэлтгэл ажлаа сайн хангасны үр дүнд амжилттай зохион байгууллаа. Сургуулийн хамт олонтойгоо хамтран Нутгийн зөвлөлүүдийн золгуутыг “Төгсөгчдийн уулзалт” хэлбэрээр хийж, төгсөгчид ард иргэдийнхээ санал бодол, зөвлөмжид тулгуурлан ойг угтсан 90 бүтээлч ажлыг хэрэгжүүллээ. Төгсөгчид, сум орон нутгийн уугуул, суугуул олон иргэдийн хандив, дэмжлэгээр сургуулийн хоёр кабинет, дотуур байрын гурван өрөөг иж бүрэн тохижуулсан.  Хичээлийн нэг, хоёрдугаар байрын цахилгаан хонх болон нийт есөн ангийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг шинэчилж, бусад төлөвлөсөн 130 гаруй сая төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, сургуулийн өнгө төрх сайжирснаар хүүхдүүд тав тухтай орчинд суралцах боломж бүрдлээ.

 

Энэ жил Улсын болон орон нутгийн төсвийн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар онцлох ажлууд хийв?

 

 Сургуулийн ой тэмдэглэхтэй холбоотой улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн заалны  их засвар, хичээлийн нэгдүгээр байрын их засварын ажлыг 150 сая төгрөгийн гэрээгээр, 100 сая төгрөгийн өртөг бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж дууслаа. Мөн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалттай холбоотой манай сумын Нарийн давааны чиглэлийн зам засварын ажил 330 сая төгрөгийн өртөгөөр хийгдэж ашиглалтад орсонд сумын иргэд хөдөлмөрчид маш их баяртай байна.  

Яруу сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө энэ жил хэдэн төгрөгөөр нэмэгдэв. Ард иргэд ямар ажлуудад зарцуулах санаачилга гаргаж, гүйцэтгэл ямар түвшинд байна?

 

2018 онд 48 сая төгрөгийн  хөрөнгө хуваарилагдаж, журмын дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. 2019 онд 13 орчим сая төгрөгөөр нэмэгдэж 60.8 сая төгрөг хуваарилагдсаныг ард иргэдийнхээ санаалаар эрэмбэлж, нийт ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байна.

 

Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөд ихээхэн анхаарал хандуулснаар үр дүнтэй ажиллаж байгаа сумууд цөөнгүй бий. Танай сумын тухайд?

 

Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт муу байгаагаас 2017 онд зээл олгогдоогүй. Зээлийн эргэн төлөлтөд нэлээн анхаарч ажилласны үр дүнд 2018 онд  зургаан иргэнд 38 сая төгрөгийн зээл олгосон. 2019 онд зээлийн эргэн төлөлт болох 34.9 сая төгрөгийг долоон иргэнд олгоод байна. 2019 онд сум хөгжүүлэх сангийн улсын тооллого, Завхан аймгийн Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн шалгалтад тус тус хамрагдсан. Цаашид зээл олгох эргэн төлөлтөд анхаарч, “Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл” нь хугацаа хэтэрсэн зээлтэй иргэдийг хуваарилан авч, төлөгдөөгүй зээлтэй иргэдэд гэрээний дагуу дараа дараагийн шатны арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна. 

 

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавьж сум бүр тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ хүрээнд Яруу суманд ямар хөрөнгө оруулалт хийхээр болсон бэ. Одоогоор ажлын явц ямар түвшинд байна?

 

 Сум орон нутгийн бизнес эрхлэгчидтэй санал солилцож, гурван төсөлд хамтран ажиллахаар гэрээ хийгдсэн. Манай сумын уугуул “Төгс кашимер” ХХК-ийн захирал Г.Төмөрхүү сүлжмэлийн чиглэлээр тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн. Улаанбаатар хотод өөрийн үйлдвэр дээрээ нэг сургагч багшийг бэлтгэснээр сум орон нутагтаа тоног төхөөрөмжийг байрлуулж, сүлжмэлийн цех ажиллаж эхэллээ. Үүний үр дүнд 4-5 хүний ажлын байр бий боллоо. Цаашид өргөжих боломжтой. Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бусад бизнес эрхлэгчид үйлдвэрлэл явуулах байр, барилгатайгаа танилцаад явсан. Аравдугаар сараас өмнө хөрөнгө оруулалтуудаа хийхээр төлөвлөж байна.

 

Малчид, мал аж ахуйн салбартаа хэрхэн анхаарлаа хандуулан ажиллаж байна. Шинээр санаачилж эхлүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгвөл?

 

 Малын эрүүл мэнд, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлчээрийн хуваарилалт, зохицуулалт гэсэн үндсэн хоёр асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Аймгийн Засаг даргын санаачилан хэрэгжүүлж буй малын эрүүл мэндийн цахим системийг сум орон нутагтаа хэрэгжүүлэх ажилд малчид, ард иргэд, сум орон нутгийн төр захиргааны байгууллага нэлээд ач холбогдол өгч ажилласнаар тодорхой үр дүнгүүд гарч байна. Бэлчээрийг жилийн дөрвөн улиралдаа хуваарьтайгаар ашиглах тал дээр багийн Иргэд нийтийн хурлуудаасаа шийдвэр гарган мөрдөж ажилласнаар бэлчээрийн маргаан шийдвэрлэгдэхэд  дөхөм болж байна.

 

Иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлээд гурван жил болж буй Завхан аймгийн хувьд төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх  асуудал хамгийн чухал. Сумын түвшинд төрийн байгууллагуудын үйлчилгээ хэрхэн сайжирч байгаа бол?

 

Манай сум нийт таван багтай, төрийн таван байгуулллага таван багтайгаа бүхий л чиглэлээр шифийн холбоо тогтоож хамтран ажилладаг. “Нэг баг-нэг байгууллага” арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Энэ ч утгаараа тухайн байгууллагын төрийн албан хаагчид шиф багийнхаа иргэдийг хуваарилан авч хариуцаж ажилласнаар төрийн байгууллагын үйлчилгээнд эерэг өөрчлөлт гарч байна. Аймаг орон нутгаас зохион байгуулагддаг ” Ард иргэдээ сонсох аян”,  “Төрийн цогц үйлчилгээ багт”, “Төрийн ажлыг ард иргэдээр  үнэлүүлэх” зэрэг олон шинэлэг үйл ажиллагааны үр дүн, тэдгээрээс гарсан  шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлснээр сум орон нутгийн ард иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэн ажиллаж байна.

 

 “Эко Завхан“ аяны хүрээнд сумууд өөрсдийн нөөц бололцоондоо түшиглэн өнгө үзэмжээ сайжруулж байгаа. Түүнчлэн сум бүр хариуцсан зам, даваагаа цэвэр байлгах үүрэгтэй. Энэ аяны хүрээнд ямар ажлууд хийв?

 

 Сургуулийн багш нарын санаачилгаар сумын “Эко зөвлөл“  байгуулж, тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Суманд тулгамдаж буй ажлуудыг эрэмбэлэн төрийн байгууллага, ард иргэдтэйгээ хамтарч сумын ойр орчмын хог хаягдлыг бүрэн цэвэрлэж,  хайс хамгаалалт хийлээ. Мөн байгууллагуудын өнгө үзэмжийг сайжруулах, гадна талбайг зүлэгжүүлэх, төвийн баг буюу Чандмань багийн авто замын дагуу нийтийн бие засах газар болон хог хаягдлыг ангилан хаях хогийн сав зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. “Эко зөвлөл“, багуудын удирдлагууд бусад холбогдох мэргэжилтнүүдтэй хамтарч нэг баг болж ажилласнаар амжилтад хүрч аймгийн баяр наадмаар “Эко” сумаар шалгарсан амжилт гаргалаа.

 

Сум орон нутгаа хөгжүүлэхэд иргэдийн ухамсар, санал, үүрэг хариуцлага чухал нөлөөтэй. Танай сумын иргэд нутгийнхаа хөгжлийн төлөө хэрхэн, яаж сэтгэл, санаачилга гарган ажиллаж байгаа бол?

 

Аймаг орон нутагт зохион байгуулагддаг сургалт, семинар, зөвлөмжүүдээс ажилд хандах хандлагаа өөрчлөх сэтгэл гаргах, санаачилгатай байх талаар үнэтэй сайхан санаануудыг авч түүнийг ажил хэрэг болгож ажиллахыг хичээдэг. Манай нутгийн зөвлөлүүдийн зүгээс ч энэ тал дээр анхаарч хамтарч ажилладаг. Тухайлбал:  Эрдэнэт хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Ш.Ганбат сум орон нутагтаа ирж дөрвөн удаа “Хандлагаа өөрчилье” сэдэвт сургалтуудыг зохион байгуулсан. 2024 он хүртэлх сум орон нутгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Ер нь манай сумын иргэд хөдөлмөрчид сум орон нутгаа хөгжүүлэх, хөгжил дэвшил гаргах тал дээр үнэтэй саналуудыг гаргадаг. Тэдгээр саналуудыг нэгтгэж хүн хүч, бодлогын зохион байгуулалтад оруулж, ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

 

Сумын хүн амын тоо өсөхийн хэрээр хөгжил урагшилна. Тэгэхээр Яруу суманд суурьших иргэдийн тоог нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

 

Манай сум харьцангүй цөөн хүн амтай. Сум орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо, тэр тусмаа сургуулийн хүүхдийн тоо цөөрч байгаа нь сумын хамгийн тулгамдсан асуудлын нэг юм. Олон шалтгаан бий. Сургуулиас хүүхдийн тоог нэмэгдүүлэх боломжуудыг тусгасан тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Сурагчдын тав тухтай сурах орчинг бүрдүүлэх, багш нарын сургалтын чанарыг сайжруулах, төгсөгч суралцагчдыг малжуулах зэрэг ажлуудыг шат дараатай зохион байгуулж байна.  

 

 

2019-10-17 17:00:42