Завхан аймаг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд авлигаас ангид аймаг болох зорилт дэвшүүлж олон шинэлэг ажил санаачилан зохион байгуулж байгаагийн нэг нь “Батламж- Зөвлөмж” үйл ажиллагаа юм. Авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээний хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий “Батламж –Зөвлөмж” арга хэмжээг хөдөөгийн 23 сумын төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа. Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийн сорилд амжилттай оролцсон төрийн албан хаагчдад “Батламж”, мэдлэгийн сорилд амжилтгүй оролцсон төрийн албан хаагчдад “Зөвлөмж” гардуулав.
Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийн сорилд 3-5 удаа амжилттай оролцсон төрийн албан хаагчдыг шагнаж урамшуулах бол дараалан амжилтгүй оролцсон, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлээгүй төрийн албан хаагчдад хариуцлага тооцож ажиллах юм. Өөрөөр хэлбэл, “Батламж-Зөвлөмж” арга хэмжээний үр дүн, амжилтыг төрийн албан хаагчдын ажил дүгнэх үзүүлэлтийн нэг болгоно. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль, тогтоомж, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл дээшилнэ.
Завхан аймаг 2017 оноос хойш “Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласнаар 21 аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газруудын “Шударга байдлын үнэлгээ”-гээр хамгийн өндөр буюу 83.2 хувьтай үнэлэгдсэн байна.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ