БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
929 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсын Их Хурлын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Завхан аймагт ажиллаж салбарынхаа бодлого, зорилт, хэрэгжүүлж буй ажил, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, боловсрол, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо. Мөн салбарынхаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан юм. Тэрээр хэлэхдээ: “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын 2019-2020 оны хичээлийн жилд бүх шатны сургалтын байгууллагын багш нар хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай ханган, үр дүнтэй хэрэгжүүлж, багш, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагчийн хөгжил төлөвшилд ахиц гаргах зорилго дэвшүүлж 11 зорилт тавин ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг сайжруулсан, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 50 хувиар нэмэхээр 2020 оны улсын төсвийн төсөлд тусгасан, 2019-2020 оны хичээлийн жилд сурах бичиг худалдаалахгүй зөвхөн сургуулийн  номын сангаар дамжуулан  сурагчдад хүргэнэ, “Ирэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг баталсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулж ажиллана, Үдийн цай, дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг 50 хувиар нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамран сургаж эхэлсэн зэрэг олон ажлыг санаачилан эхлүүлж, цэцэрлэг сургуулийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна” хэмээн онцлов.

Мөн Цагаанчулуут, Тэлмэн сумын ЕБС, сурагчдын дотуур байрны нөхцөлтэй танилцсан бол Цагаанчулуут сумын малчны 6 настай хүүхдийн ”Гэр өргөө”-гөөр зочилж Завхан аймаг малчдад тулгамдаж буй чухал асуудлаа шийдвэрлэхээр улсын хэмжээнд туршлага болохуйц шинэлэг санаачилга гарган үр дүнтэй ажиллаж буйг сайшаалаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  Завхан аймагт ажиллах үеэрээ дараах хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэлээ. Үүнд: Тосонцэнгэл сумын Соёлын төвийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийн үлдэгдэл 60 сая төгрөгийг сайдын багцаас шийдвэрлэх, Цагаанчулуут сумын ЕБС-д 10 ширхэг компьютер, дотуур байрын хүүхдүүдэд хоолны ширээ сандал, цэцэрлэгт даралтат хөгжим, зөөврийн компьютер, аймгийн БСУГ-т олон  үйлдэлт хувилагч машин, Тэлмэн сумын ЕБС-ийн байрын асуудлыг шийдвэрлэх, Улиастай сумын 6-р цэцэрлэг, Түдэвтэй, Асгат сумын хүүхдийн цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж, “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургууль, Их-Уул сумын ЕБС, Жавхлант цогцолбор сургуульд физикийн кабинет, Тосонцэнгэл сумын 1-р сургууль, Жавхлант цогцолбор сургууль, Их-Уул сумын ЕБС-д технологийн кабинет, Тосоцэнгэл сумын 2-р сургууль, “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургууль, Дэвшил, Их-Уул сумын ЕБС-д химийн кабинетийн тус тус байгуулж өгөхөөр шийдвэрлэв.

Энэ үеэр “Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төв” ӨНӨТҮГ-аас БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн нэрэмжит усан сэлэлтийн тэмцээнийг 4 насны ангиллаар зохион байгууллаа. 

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

2019-10-21 11:21:43