Завхан аймаг ард иргэдээ сонсдог, иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг, төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг, иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлж гурав дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Энэ удаад төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгт Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар, Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс, “Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төв” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар, “Очир илт” ӨНӨААТҮГ Баруун бүсийн худалдааны төв, “Алтай Улиастай эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компаний Завхан салбар, “Амь-Ус трейд” ӨНӨААТҮГ-ууд оролцож ард иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, хөнгөн шуурхай үйлчиллээ. Тухайлбал, “Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төв”-өөс үйл ажиллагаагаа танилцуулж, усан спортын ач тус, үнэ тариф, хөнгөлөлт, урамшуулал, цагийн хуваарь, үйлчлүүлэгчдэд шаардагдах барим бичиг зэргээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн усан бассейнд нэг сар 100 хувь үнэгүй үйлчлүүлэх эрх, нэг сар 50 хувь хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрх, спорт зааланд хамт олноороо тоглох эрх, спиннинг клубд нэг сар үнэгүй явах эрхээр азтангуудаа шагналаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож буй төрийн болон орон нутгийн өмчит байгууллага бүр бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонссоноос гадна гарын бэлэг, хөнгөлөлт урамшуулал, азын сугалаагаар бэлэг барив.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ