ТОСОНЦЭНГЭЛ, ИХ-УУЛ СУМЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА
1931 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” зорилт тавьж нэн тэргүүнд өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэх зорилгоор олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагийн нэг нь Европын холбоо, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл юм. Тус төслийн хүрээнд олон төрлийн сургалтууд зохион байгуулсан бол бүлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж эхэллээ. Энэ удаад Тосонцэнгэл, Их-Уул сумын 12 бүлгээс эхний ээлжинд тавигдах шаардлагыг бүрэн хангасан 5 бүлэгт 26 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг гардууллаа. Тухайлбал, жимсний бүлэгт чанагч тогоо, төрөл бүрийг хөргүүр, жимс хатаагч, оёдлын бүлгүүдэд шулуун оёдлын машин, уурын индүү, эсгүүрийн бусад хэрэгсэл зэргийг нийлүүллээ. Ингэснээр бүлгүүдийн ажлын бүтээмж нэмэгдэж, үйлдвэрлэл чанарын сайжрах юм.

“Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” зорилтынхоо хүрээнд сум бүртээ 2-5 жижиг үйлдвэр байгуулж, бүх сум бренд бүтээгдэхүүнтэй болохыг зорьж байна. Эдийн засгийн тусгай төсөл буюу “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд 62 бүлгийн 470 гаруй гишүүдэд 450 гаруй сая төгрөгийн тоног төхөрөөмж олгохоор төлөвлөжээ. 

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

2019-10-24 11:43:41