Завхан аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарласан билээ. Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Батсайхан арвадугаар сарын 1-ний өдөр Улиастай сумын Ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн хүүхдүүдийн саналыг сонслоо. Уулзалтад 345 хүүхэд идэвхтэй оролцож 26 багц санал хэллээ.
Аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн хүүхэд нэг бүрийн асуултад тодорхой хариулт өгч хүүхдүүдийн хүсэлтийг нэн даруй шийдвэрлэж сургууль бүрт “Явуулын номын сан” ажиллуулах, “Төв номын сан”-г Бямба гариг бүр хүүхдүүдэд зориулан нээж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Хүүхдүүдийнхээ саналын дагуу БСШУСЯаманд хүсэлт тавьсны дагуу 10 сургуульд байгалийн ухаан, математик, физикийн кабинет олгохоор болов.
Мөн сургууль бүрт сэтгэл зүйч гэрээгээр ажиллуулах, хүүхдийн автобусны тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сургуулиудын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллалаа.
Энэ удаагийн “Хүүхдээ сонсох өдөр”-өөр тэдний саналыг нээлттэй болон бичгэн хэлбэрээр авсанаас гадна хүүхэд бүр тусгай саналын хуудсанд хэрвээ би аймгийн Засаг дарга, сургуулийн захирал байсан бол ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх тухайгаа бичиж илгээсэн юм.
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу албан байгууллага бүр “Хүүхдээ сонсох өдөр”-ийг зохион байгуулж, хүүхдийн үзэл бодол, санал хүсэлтийг хүндэтгэн хүлээн авч, харилцан ярилцаж хамтдаа шийдвэрлэж байна.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ