АСГАТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.АНХБАЯР: БЭЛЧЭЭРИЙН ТУХАЙ БИЕ ДААСАН ХУУЛЬТАЙ БОЛОХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА
670 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сайн байна уу. Сайхан  намаржиж байна уу. Сүүлийн жилүүдэд Асгат сумын өнгө төрх өөрчлөгдөж, шинэлэг ажлууд багагүй хийгдэж байна. Энэ онд ямар бүтээн байгуулалтын ажлууд өрнөв?

 

  Сайн, сайн байна уу. Сайхан намаржиж байна. Тиймээ сүүлийн жилүүдэд манай суманд бүтээн байгуулалтын чиглэлээр багагүй ажлууд хийгдэж байна. Тухайлбал, энэ онд улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмад настан, иргэд, хүүхдүүдийн амрах, чөлөөт цагаа өнгөрөөх “Нийтийн биеийн тамир спортын талбай” шинээр баригдлаа. УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 100 сая воны үнэ бүхий ус цэвэршүүлэх төхөөрөмжийг Солонгос инженерүүд ирж суурилуулж өгснөөр цэвэр усны үйлдвэртэй боллоо. Одоо гадна талын барилгыг барьж байна. Энэ бүтээн байгуулалтад аймгаас 20 гаруй сая төгрөг зарцуулсан. Мөн “Ган Доной” ХХК төсвөөс нэг ч  төгрөг гаргалгүйгээр сумын нэгдсэн халаалтыг хийж байна. Албан байгууллагууд хашаа байшингаа засварлаж, гадна төрхөө шинэчилж өнгө нэмлээ.

 

Завхан аймгийн 24 сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө жилээс жилд өсч байна. Танай сумын ОНХС-ийн хөрөнгө энэ онд өмнөх жилээс хэдэн төгрөгөөр нэмэгдэж, ямар ажлуудад зарцуулж байна вэ?

 

 Өнгөрсөн жил Асгат сумын ОНХС-д 17.5  сая төгрөг хуваарилагдсан бол энэ жил 35 сая төгрөг болж өссөн. Сангийн яамны гүйцэтгэлийн үнэлгээгээр манай сум ОНХС-ийн хөрөнгийг хууль журмын дагуу сайн зарцуулсан гэж үнэлэгдэн сүүлийн хоёр жил нэмэлт урамшуулал авсан. Өнгөрсөн жил нэг сая төгрөг, энэ жил гурван сая төгрөгийн урамшуулал авлаа. ОНХС-ийн хөрөнгийг бид иргэдээс гарсан саналыг эрэмбэлж, сумын ИТХ-ын жилийн эцсийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Сумын Эрүүл мэндийн төвд 14.5 сая төгрөгөөр цус шээсний анализатор аппарат, хоёр сая төгрөгөөр хүүхдийн цэцэрлэгт тоглоом наадгай, таван сая төгрөгөөр Соёлын төвд шинээр хайс хийх,  гурван сая төгрөгийг малчнын зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-г тохижуулахад, малын эрүүл мэндийн цахим систем нэвтрүүлж, тоног төхөөрөмж авахад 2.5 сая төгрөгийг, худаг засварт гурван сая төгрөгийг тус тус зарцуулахаар хуваарилж ажлуудаа хийж дууссан.

 

Өнгөрсөн жил сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд анхаарч ажилласнаар тодорхой үр дүнд хүрч байгаагаа гэж байсан. Энэ зээл зорилтот бүлэгтээ очиж буй эсэхэд хэрхэн хяналт тавьж байна вэ?

 

 Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт туйлын хангалтгүй байсан нь үнэн. Зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны дүнд зөвхөн энэ оны есдүгээр сарын байдлаар 60 гаруй сая төгрөг эргэн төлөгдсөн. ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор төсөл сонгон шалгаруулах комисс байгуулагдаж сум хөгжүүлэх сангийн  зээлийг олгож байгаа. Өмнө нь төрийн албан хаагчдад хүртэл зээл олгосон зэрэг алдаатай зүйл байсан.  Үнэхээр юм хийх чин хүсэл эрмэлзэлтэй иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх бодлого барьж тус зээлийг олгож байгаа. Энэ  жил иргэдэд 110 сая төгрөгийг олгохоор ИТХ-ын хурлаар тогтоосон. Эхний төслүүдийг шалгаруулж одоогийн байдлаар 40-өөд сая төгрөг олгоод байна.

 

Энэ хавар Улаанбаатар хотод болсон хөрөнгө оруулагчдын чуулганаар сум бүрт жижиг үйлдвэрүүд байгуулахаар болсон. Танай суманд энэ ажил хэрхэн хэрэгжиж байна вэ?

 

 Улаанбаатар хотод болсон хөрөнгө оруулагчдын чуулганаар гурван бизнес эрхлэгчтэй гэрээ байгуулсан. Газар тариалан фермерийн аж  ахуй, тэжээлийн үйлдвэр байгуулахаар тохиролцсон. Энэ жил 1700 га талбайд улаан буудай, хөх тариа тарьсан. Ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж байна. Тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж ирчихсэн байгаа. Хуучин дизель станцын ашиглагдахгүй байгаа байрыг тэжээлийн үйлдвэрийн зориулалтаар сэргээн засварлаж ашиглахаар төлөвлөж байна.

 

Бүтээн байгуулалтын ажлуудаас гадна сум орон нутагтаа цэвэр, эко, эрүүл орчинг бүрдүүлэх нь нэн чухал. “Эко Завхан” аяны хүрээнд энэ онд Асгат суманд санаачилж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл өгөөч?

 

 “Миний гоё сум” хөтөлбөр, “Эко Завхан” аяны хүрээнд байгууллагуудыг цэцэгжүүлэх аяныг өрнүүлж байгууллагууд гадна орчин болон дотроо цэцэг тарих ажлыг зохион байгуулсан. Хоггүй  сум болох хөдөлгөөнийг өрнүүлж айл өрх, албан байгууллагууд долоо хоногийн “Баасан” гариг бүр ойр орчмынхоо хогийг цэвэрлэдэг болсон. Мөн сумаас орох, гарах замыг байгууллагуудад хуваарилан өгч сар бүр цэвэрлэдэг болоод байгаа. Хавар, намар мод бут тарих ажлыг тодорхой хэмжээгээр зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг хогийн савтай болгох аяныг өрнүүлж шинээр хогийн савнууд хийлээ. Өнгөрсөн жилийн ОНХС-ийн хөрөнгөнөөс түрдэг ковш трактортой болсны үр дүнд хогийнхоо цэгийг нэлээн цэгцэлж байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэхэд албан хаагчдын мэдлэг, ур чадвар сайн байх ёстой. Энэ жил хойд бүсийн сумдын төрийн албан хаагчдаас танай сумынхан мэдлэг, ур чадвараараа дэд байрт шалгарлаа. Албан хаагчдаа чадваржуулах тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ? 

 

 Түдэвтэй суманд хойд бүсийн ТАХ-ын зөвлөгөөн, сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн зөвлөгөөний онцлог нь шинээр батлагдан гарсан төрийн албаны тухай хууль болон холбогдох журмуудын талаар аймгийн Засаг даргын Тамгын газраас маш цэгцтэй, тодорхой лекц, илтгэлүүдийг тавьсан. Тухайлбал, стратеги төлөвлөгөө, байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, батлах, тайлагнах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшин үнэлэх журам зэргийг ойлгомжтой цэгцтэй байдлаар боловсруулж зөвлөгөөнд оролцогчдод танилцуулсан нь үр дүнтэй арга хэмжээ боллоо. Мөн сумдын ИТХ-ын даргаас эхлээд байгууллагын дарга нар, Засаг дарга нар шинэлэг ажлынхаа талаар илтгэлүүд тавьсан нь бие биенээсээ туршлага судлах, ажлын арга барилаа  солилцох зөв зүйтэй арга хэмжээ боллоо гэж үзэж байна. Бид жил бүрийн аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл долоо хоног бүрийн “Пүрэв” гаригт төрийн албан хаагчид, иргэдээ оролцуулсан “Эрх зүйн өдөр” сургалтыг зохион байгуулдаг. Төрийн жинхэнэ албан хаагчид,  байгууллагын дарга нарт хууль эрх зүй, тэдгээртэй холбогдон гарсан журам, ЗГ-ын тогтоол, шийдвэрүүдийг хуваарилан өгч илтгэл тавиулдаг. Ингэснээр тэдний хууль эрх зүйн мэдлэг дээшилдэг. Энэ нь бүсэд дэд байрт шалгарахад нөлөөлсөн болов уу.

 

Өнгөрсөн жил ярилцахад “Бэлчээр ашиглалтын журам”-тай болчихвол малчдад их хэрэгтэй байгаа тухай хэлж байсан. Энэ асуудал юу болов?

 

 Өнгөрсөн өвөл аймгийн Бэлчээр ашиглалтын холбоотой хамтран малчдын зөвлөгөөнийг сумандаа зохион байгуулж, “Бэлчээр ашиглалтын журам”-ыг боловсруулж малчдаараа хэлэлцүүлж  батлуулсан. Зарим малчид нааштай хүлээж авсан боловч зарим нь сайн ойлгохгүй байх шиг санагдсан. Ер нь бэлчээрийн тухай бие даасан хуультай болох шаардлага тулгарч байна. “Бэлчээр ашиглалтын журам”-даа бид бэлчээр нутгаа хэрхэн яаж ашиглах, “Малчдын эрсдэлийн сан”-тай болох, түүнийгээ хэрхэн зарцуулж байх талаар нэлээд тодорхой тусгаж өгсөн. Сүүлийн жилүүдэд мал их өссөнтэй холбогдуулан бэлчээрийн маргаан  их гардаг болсон. Мөн бэлчээрийн доройтол, талхлалт бий болоод байгаа. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах шаардлагатай л байгаа юм.

 

Танай нутагт налгар сайхан намар болж байна. Зуншлага ямар байв. Төв суурин газрын болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

 

 Энэ жил намар сайхан болж байна. Зундаа зуншлага сайхан байсан. Намрын энэ сайхан налгар өдрүүдэд налайж суулгүй өвлийн бэлтгэлээ амжуулж базааж авах нь чухал. Албан байгууллага, айл өрхүүд өвлийн бэлтгэлээ хангаж байна. Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангагдаж байна. Малчид өвс тэжээл, хужир шүүгээ базааж байгаа. Энэ жил 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй. Манай сумын тухайд газар тариалантай учраас өвс тэжээлийг сайн бэлтгэдэг. Сум нэгдсэн халаалттай болж байгаатай холбогдуулан байгууллагуудад халаалтын тоног төхөөрөмжөө засварлах, шинэчлэх ажлыг хийхийг үүрэг болгосон.  Одоо налайж байгаа ч энэ өвөл цас их унаж магадгүй. Иймд бид төв суурин газрын болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар сумын Засаг даргын албан даалгавар, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

Сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, ард иргэдээ ая тухтай орчинд ажиллаж амьдах нөхцөлийг бүрдүүлсэн ямар шинэлэг ажлуудыг ирэх жил хийхээр төлөвлөж байгаа бол?

 

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах бүсийн зөвлөгөөний үеэр сумуудад  хийж хэрэгжүүлж буй ажил, туршлагаас их зүйл мэдэж авсан.  Сумандаа хийж хэрэгжүүлчихмээр сайхан санаанууд гарч байна лээ. Энэ жил бид нэгдсэн халаалтаа давхар цэвэр устай нь холбон хийж байна. Ингэснээр албан байгууллага, айл өрхүүд хотын байрнаас дутахааргүй орчинд амьдрах боломж бүрдэж байгаа юм. Ус цэвэршүүлэх төхөөрөмжөө ашиглан албан байгууллагууд, айл өрхүүдээ цэвэр устай холбох ажлыг хийнэ. Халаалт, цэвэр усны шугамаа дагуулаад гудамж хорооллуудаа эмх цэгцэнд оруулаад эхэлнэ. Ингээд сумын өнгө төрх өөрчлөгдөж сайхан болоод ирнэ. Мөн ирэх жил сумынхаа хөгжлийн ерөнхий зураг төслийг гаргуулж “Шинэ сум” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Албан байгууллагуудын засвар хийх, шинээр барих, орон сууцжуулах гээд олон ажлыг төлөвлөж байна. Эдгээр ажлуудыг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч бусад хүмүүсийн дэмжлэгтэйгээр хийж хэрэгжүүлж байгаа. Энэ дашрамд сум орон нутгийн маань хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, тусалж дэмжиж, хамтран ажиллаж байгаа бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

2019-10-15 09:20:50