Сум орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар ярилцахын өмнө эхлээд сумынхаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?
Манай сум 239.183 га нутаг дэвсгэртэй. Холбоо нуурын захад, аймгийн төв Улиастайгаас 310 километр, Улаанбаатараас 1.047 километр зайд оршдог. Баяннуур, Холбоо, Баяндавс, Баян-Улаан гэсэн дөрвөн багтай, 2018 оны байдлаар 427 өрх, 1588 хүн ам, 2019 онд 142.566 толгой мал тоолуулсан. Дэвтээрийн давсны ил ордыг ашиглаж байна. Энэ давсны чанар онцгой сайн бөгөөд 100 жилийн нөөцтэй юм. Эдийн засгийн гол үндэс нь мах, сүүний чиглэлийн үхэр, хонь зонхилсон мал аж ахуй юм. Баяннуур загас агнуурын нөөцтэй. Энэ баялгийг ашиглах бүрэн бололцоотой. Мөн Бор хярын элс, Баяннуур, Мухар хүнгийн гол, Усны уул, Шивээтийн ганц мод зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудын цогцолборыг ашиглан аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой юм. Сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын аялагчид олноор ирж аялаж амарч байна.Манай сумын хувьд 2018 он өнөтэй сайхан өвөл болж, хавар зундаа хур бороо элбэгтэй, ард түмэн сэтгэл хангалуун, бүтээн байгуулалтын ажил өрнөсөн налгар сайхан намар болж байна.
Энэ онд Сантмаргаз суманд 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийх тухай мэдээлэл өгч байсан. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажлууд ямар түвшинд үргэлжилж байна
вэ?
Манай сумын ОНХСанг аймгаас 2017 онд 16.7 сая төгрөгөөр, 2018 онд 45.2 сая төгрөгөөр баталж байсан бол 2019 онд 32.6 сая төгрөгөөр нэмэгдүүлж 77.8 сая төгрөгөөр баталж өгсөн. Ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалын барилгын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна. Улсын төсвийн 65 сая төгрөгөөр халуун усны барилгын ажлыг эхлүүллээ. Нэгдсэн халаалттай болж төсвийн байгууллагууд бүрэн холбогдлоо. Сумын ОНХС-ийн хөрөнгөөр 2019 онд найман ажил, арга хэмжээнд 77 сая төгрөг батлагдсанаас есдүгээр сарын байдлаар сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалтыг 16 сая төгрөгөөр хийж, гүйцэтгэл 70 хувьтай байна. Цэцэрлэгийн хүнсний складыг долоон сая төгрөгөөр гүйцэтгэж байна. Хогийн цэгийн тохижилт, хур хогийг зөөж, дарж булах, талбайг хумиж, түрэн далан босгох, орох, гарах гарц хийж гүйцэтгэхэд 19 сая төгрөг зарцууллаа. Соёлын төвд халаалтын дулаан хөшигтэй болоход дөрвөн сая төгрөг нийт 51 сая төгрөгийн санхүүжилтын гүйцэтгэл хийгдэж 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоо бэлчээрийн худаг засварт таван сая төгрөг, жишиг мал эмнэлэг байгуулахад 19.5 сая төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2.3 сая төгрөг, нийт 26.8 сая төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байна.
Бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнээр гарч буй үр дүнгийн талаар?
Бүтээн байгуулалтын ажил өрнөснөөр сумын барилга байгууламж, гудамж талбайн өнгө, үзэмж нэмэгдэж, албан газруудын ажиллах орчин нөхцөл сайжирч, албан хаагчдын нийгмийн баталгаанд ахиц гарч, иргэдийн төрд итгэх итгэл жилээс жилд нэмэгдэж байна.
“Миний гоё сум” хөтөлбөр, “Эко Завхан” аяны хүрээнд хийсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгөөч. Эдгээр үйл ажиллагаанд ард иргэд, албан байгууллагууд нь түүчээлээд оролцсон сумууд илүү үр дүнд хүрээд байгаа юм?
“Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан” аянаа сумандаа хэрэгжүүлж, ’’Эко сум’’ зорилтот аяныг дөрөвдүгээр сарын 29-өөс зургаадугаар сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулж, албан байгууллага, аж ахуйн нэгжийн гадна, дотор өнгө үзэмжийг сайжруулах, гэр хорооллын хашааг жигдрүүлэх, будаж зосдох, төмөр хаалганы хэв загварыг жигдрүүлэх, хуваарьт газруудаа цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, нуур, голын сав дагуух хог хаягдлыг цэвэрлүүлэв. Тарьж ургуулсан мод бутыг сийрүүлэн арчилж, цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэж, хайс хамгаалалтыг засаж сэргээв. Хогийн цэгийг дарж булшлан далан үүсгэлээ. Баяннуурын хөвөөнд хоёр гэр, нэг асар барьж дотоодын аялагч, жуулчдыг хүлээн авч тав тухтай амрахад нь дэмжлэг үзүүллээ.
Завхан аймаг “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө” төслийг сум бүрт хэрэгжүүлж байгаа. Танай сумын “Гэр өргөө”-ний үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ. Хүүхдүүд болон эцэг эхчүүд ямар сэтгэгдэлтэй байна?
Сургуулийн дотуур байрандаа 6х6 харьцаатай тасгийг тохижуулан “Гэр өргөө”-гөө байгуулснаар малчны зургаан настай хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангаж, нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон орчныг бий болголоо. Хүүхдүүд “Гэр өргөө”-ндөө амьдрах их дуртай байна. Малчин эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр, тайван амгалан ажил хөдөлмөрөө эрхлэх боломжтой болоо. Асрагч багш нар хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, хичээлийн бус цагаар хичээлийг нь зааж, яг л эцэг эхийнх нь хийдэг бүх ажлыг хийж гүйцэтгэдэг. Аймгийн Засаг даргын зүгээс таван сая төгрөг, ОНХС-гаас хоёр төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гэр өргөө”-гөө тохижуулсан.
Өрхийн бүрийг үйлдвэрлэгч болгох, жижиг дунд үйлдэрлэлээ дэмжих, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ?
2019 онд сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд найман иргэнийг хамруулан 34 сая төгрөгийн зээл олгосон. Саалийн үнээ, сүү цагаан идээ боловсруулахад найман сая төгрөг, газар тариаланг дэмжихэд дөрвөн сая төгрөг, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд найман сая төгрөг, буриад, монгол гутал хийдэг өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хоёр сая төгрөг, ингэний аж ахуй эрхлэх өрхийг дэмжиж найман сая төгрөгний зээл олголоо. Ингэний сүү, айраг цагаан идээг сумын бренд бүтээгдэхүүн болгох зорилт тавин ажиллаж байна.
Өвөл хаяанд ирсэн энэ үед өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар асуухгүй өнгөрч болохгүй?
Сумын төвийн албан газрууд нэгдсэн халаалтад холбогдож байгаа тул нүүрс, модны асуудлыг “Очдөл Өлзий” ХХК-тай хамтран өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар төлөвлөж байна. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах талаар сумын Засаг даргын А/75 тоот захирамж гарч, ажлын төлөвлөгөөг албан газар, багуудад хүргүүллээ. Малын өвс тэжээл бэлтгэх ажлыг хонин толгойд шилжүүлэн тооцож 675 тонн байгалийн хадлан бэлтгэх албан даалгавар өгөөд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 147 тонн байгалийн хадланг малчид бэлтгэлээ. Сумын нөөцөд 100 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэйгээр Увс аймгийн Баруун туруун сумтай гэрээ хийж байна. Малчин өрх бүр өвөлжөө хаваржаагаа засч, өтөг бууцаа ховхолж, хашаа саравчаа засварлах ажил ид өрнөж байна. Албан газар бүр шиф багийн 2-3 малчин өрхийн хашаа хороог засах бэлтгэл ажлыг хангаад, айл өрхөө сонгосон байна.
Ирэх жил ямар онцлох ажлууд хийхээр төлөвлөв?
Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийг нэгдсэн байртай болгох, хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт, “Сайн бизнесмен” хөтөлбөрийн хүрээнд модны цех байгуулж таван иргэнийг байнгын ажлын байртай болгохоос гадна бүх айл өрх, албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг нэгдсэн халаалтад холбоно. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нутгийн бренд ингэний сүү, иоджуулсан давс, загас агнах, алтайн сугас загасны үйлдвэрийг бий болгоно. Мөн сумын стратеги төлөвлөгөөг баталж мөрдөх, сургуулийн дотуур байр, сумын ЗДТГ-ын байрын засварын ажил зэрэг багагүй ажлыг төлөвлөөд байна.