Ард иргэдтэй хамгийн ойр ажиллаж, төрийн үйлчилгээг засаг захиргааны анхан шатны нэгж дээр үзүүлдэг албан тушаалтан бол багийн Засаг дарга нар юм. Тиймээс “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй Завхан аймаг багийн Засаг дарга нараа чадавхжуулах зорилгоор жил бүр сургалт семинар зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна. Тухайлбал, сүүлийн гурван жилийн хугацаанд багийн Засаг дарга нараа мотоцикль, зөөврийн компьютер, жи-мобайлын суурин станцитай болгосон нь нүдээ олсон чухал хөрөнгө оруулалт болсныг хэлж байв.
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу багийн Засаг дарга нараа чадавхжуулах ээлжит сургалтыг хоёр өдөр амжилттай зохион байгуулж 24 сумын 116 багийн Засаг дарга оролцлоо. Сургалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан аймгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө.
Ийнхүү багийн Засаг дарга нар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан гарсан шинэ дүрэм журмууд, бусад холбогдох хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, төрийн албан хаагчийн ёс зүй, анхаарах асуудал зэрэг олон сэдвийн хүрээнд мэдээлэл авлаа. Цаашид ард иргэдээ тогтмол сонсож, иргэдтэйгээ илүү ойр ажиллаж, төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг шуурхай, чанартай хүргэж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ