ДӨРВӨЛЖИН СУМЫН ЗАСАГ ДАРГА Ч.БАТДӨЛ: ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
838 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнгөрсөн жил Дөрвөлжин сум хөгжлийн гурван томоохон баримт бичгийг боловсруулан баталсан. Үр дүн нь хэрхэн харагдаж байна вэ. Энэ жил бүтээн байгуулалтын ажлууд хэр өрнөв?

 

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2018 онд Дөрвөлжин сум “Сумын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө”, “Нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө”, “Аялал жуулчлалын менежментын төлөвлөгөө”-г аймагтаа анх удаа батлуулан мөрдөж байна. Манай сум дээрх төлөвлөгөөгөө цаасан дээр буулгаад зогсохгүй ажил болгож чадаж байгаа гэж ойлгож байна. Тухайлбал тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнийхөө хүрээнд сумандаа ажлын байрыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Хомын талын тахь” төслийн шугамаар чацарганы цех, сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр оёдлын цех байгуулагдан тогтвортой ажиллаж байна.Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах зорилтын хүрээнд сумын төвийн гудамж бүрийг гэрэлтүүлэгтэй болгох, замтай болгох, цэвэр ус, дулааны төвлөрсөн хангамжийг бий болгох, нэгдсэн камерын системтэй болох гэх мэт олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. 2019 онд Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, аймгийн төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилгын их засварыг хийлээ. Сумын зүгээс хувийн хэвшилтэй хамтран төвлөрсөн халаалт, цэвэр ус хангамжтай болох, иж бүрэн гэрэлтүүлэг хийх, гүн өрмийн цооног гаргах ажлуудыг хийж байна.

Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт уул уурхайн “Баян-Айраг эксплорэйшн” ХХК үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сум, орон нутгийн хөгжил дэвшилд хэр дэмтэй байна вэ. Тухайлбал энэ онд тус компаний хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийв?

 

Тус компанийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн хоёр жилийг дамнаж 2-3 гүн өрмийн худгийн цооног,  сургуулийн хүүхдийн хөлбөмбөгийн талбай, цэцэрлэгийн нэг бүлгийн иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх гэх мэт төслүүд дээр хамтарч ажилласан. Хамтран ажиллах гэрээний хүрээнд сумын хөгжлийг дэмжих зорилгоор жилдээ 100 сая төгрөгийн санхүүжилтийг “Баян айраг” төслөөс хийдэг.

 

Өнгөрсөн онтой харьцуулахад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө хэдэн төгрөгөөр нэмэгдэв. Ямар ажлууд хийв?

 

Өнгөрсөн жилээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 60 орчим сая төгрөгөөр нэмэгдсэн байгаа. 2019 онд ИТХ-ын шийдвэрийн дагуу сумын Соёлын төвийн их засварт 50 сая төгрөг, сумын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхэд 20 сая төгрөг, гурван хөдөлмөрийн баатрын боржин хөшөөнд дэмжлэг үзүүлэхэд 21 сая төгрөгийг тус тус зарцуулаад байна.

 

Говь нутагт хүлэмжийн аж ахуйн тариалалтыг амжилттай эхлүүлээд нэг жил болж байна. Хүлэмжийн ногооны нэр төрөл нь нэмэгдсэн үү. Цөөнгүй айлын өрхийн орлого нэмэгдэж байгаа болов уу?

 

Хүлэмжийн тариалалтын ажил хэвийн явагдаж байгаа. Говийн хуурайшилт ихтэй халуун бүсэд хүлэмжийн аж ахуй эрхлэхэд усалгааны асуудал нэн чухал юм билээ. Иймээс өрх бүрт цэвэр ус, дулаан хангамж татах асуудлыг судлаад зураг төсөв хийж байгаа.

 

Хөрөнгө оруулалтын чуулганаар сумандаа ямар үйлдвэр байгуулах гэрээг үзэглэв. Үйлдвэрлэлийн үйл явц ямар түвшинд байна?

 

Хөрөнгө оруулалтын чуулганаар аймаг, сумын Засаг дарга, хөрөнгө оруулагч хамтарсан гурван талт санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний үр дүнд “Хомын Талын Тахь” ТББ-н хөрөнгө оруулалтаар жижиг чацарганы цех байгуулах ажил амжилттай хэрэгжсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинжилгээ дүгнэлт нь эцэслэн гарчихвал ажил үргэлжлэхэд бэлэн байгаа. Мөн Онц багийн нутагт байгалийн аялал жуулчлалын олон улсын бааз байгуулахаар “Нью Тур” ХХК-тай харилцан санамж бичиг байгуулсан боловч газрын албаны кадастрын сангийн мэдээллийн зөрүүтэй байдлаас шалтгаалан энэ жилийн тухайд аж ахуйн нэгжээс үл шалтгаалах байдлаар хойшлогдоод байна. 

 

Танай суманд зуншлага ямар байв. Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэр хангаж байна вэ?

 

Энэ жилийн тухайд зуншлага сайн байлаа. Өвөлжөөний бүс нутаг газрын гарц сайтай учраас өнтэй өвөл болно гэж харж байна. Хэдийгээр намар сайхан байгаа ч хүн бүр өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж ажиллах нь зөв юм.

 

2020 онд Дөрвөлжин суманд ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх бол?

 

2020 онд Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ой болно. Ойгоо угтсан олон ажлуудыг төлөвлөж байна. Онцолж  хэлвэл юуны түрүүнд сургуулийн дотуур байр, хичээлийн байраа их засварт оруулах төлөвлөгөөтэй байгаа. Сумын ИТХ-аар батлагдасны дараа хийгдэх ажлууд тодорхой болно. Нийт Дөрвөлжинчүүддээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн  ерөөж, төрөлх сургуулийнхаа түүхэн ойн арга хэмжээнд идэвх санаачилга гарган оролцохыг уриалж байна.

 

 

2019-12-02 11:31:25