“Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт дэвшүүлэн гурав дахь жилдээ амжилттай ажиллаж буй Завхан аймаг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Ард иргэдээ сонсох долдугаар аян”-ы хүрээнд Улиастай сумын зургаан багийн 700 гаруй иргэнийхээ санал бодлыг сонслоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нар 2019 оны ажлын тайлангаа тавьж, Улиастай сумын Засаг даргын орлогч С.Ядамжав хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж, асуултуудад хариулт өгч ажиллалаа.
Сүүлийн жилүүдэд аймаг орон нутгийн өнгө үзэмж сайжирч, авто зам болон бусад бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж буйд иргэд талархлаа илэрхийлснээс гадна олон жил яригдсан дулааны цахилгаан станцийг яаралтай байгуулах, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хуучин барилга байгууламжуудыг буулгах арга хэмжээ авах, нутаг орноо хайрлах, хүссэн газраа хог хаяхгүй байх сэтгэлгээг хүүхдүүдэд багаас нь суулгах, “Алтай-Улиастай” эрчим хүчний систем ТӨХК-ийн байцаагчид цахилгааны үнийг тухайн өрхөд мэдэгдэхгүйгээр дур мэдэн өндөр бичиж буйд хяналт тавих зэрэг олон асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж аймаг, сум, холбогдох албан байгууллагын удирдлагуудаас хариулт авлаа.
Ийнхүү “Ард иргэдээ сонсох долдугаар аян”-аа Улиастай сумын зургаан багт зохион байгуулснаар Завхан аймгийн 24 сумын 116 багийн 35 мянга гаруй иргэн аймаг, сумын Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны тайлан, орон нутгийн бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж, аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд оруулах саналаа өгч, бүх шатны төрийн албан хаагчдын ажлыг үнэллээ.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ