ЗАВХАН АЙМАГТ МОНГОЛ, АМЕРИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА
823 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийн хүрээнд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташейн албатай хамтран малын эрүүл байдлыг хадгалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын онцгой байдлын төлөвлөлт ба хариу арга хэмжээ, малын нядалгаа ба малын нөөц бүрдүүлэх нөхцөлүүд, дээж авах, лабораторийн шинжилгээ хийх зэрэг сэдвүүдээр дөрвөн өдрийн сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Завхан аймгийн Мал эмнэлгийн газрын ажилчид, малын эмч нар, Зоонозын өвчин судлалын төвийн шинжээчид, Онцгой байдлын газрын албан хаагч нар зэрэг 50 гаруй албан тушаалтан оролцов.

Энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн аттеше Adam C. Steinwaches хэлэхдээ: "Энэ сургалтад  мал эмнэлгийн газрын ажилтнуудаас гадна онцгой байдлын газрын албан хаагчдад гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах талаар сургалт зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Мөн Завхан аймгийн Засаг даргатай уулзаж цаашид ямар салбарт, хэрхэн хамтран ажиллахаар талаар ярилцаж тодорхой шийдэлд хүрсэндээ баяртай байна" гэлээ. Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн аттеше Brian N.Green: "Сургалтад оролцож байгаа хүмүүс маш их идэвхтэй байж, мэдээллээ сайн хуваалцаж байна. Хөдөө аж ахуйн салбар, эдийн засгийн нөхцөл  байдлаа нээлттэй ярилцлаа. Манай малын эмч Завхан аймагт ирж, үр  дүнтэй сургалт зохион байгуулсандаа баяртай байгаа" хэмээн онцоллоо. 

Энэ үеэр малын халдварт өвчний талаар долоон төрлийн дадлага ажил хийсэн нь оролцогчдод нэлээд үр дүнгээ өгснийг онцолж байв. Тус үйл ажиллагаа нь Завхан аймаг болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашид ард иргэдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, ирээдүйд тус улсад суралцах боломжийг нээх зорилгоор Улиастай суманд Америкийн соёлын буланг нээх, сургуулийн өмнөх боловсролын сургалтад англи хэл, дуу, бүжгийн хичээлийг оруулах, Завхан аймагт Америк стандарттай цэцэрлэг байгуулах зэргээр боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, онцгой байдлын салбарт хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2019-12-03 09:34:28