ХЭРЭГЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГТ ШИЛЖИХ ЗОРИЛТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
974 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж буй Завхан аймаг гадаад зах зээлээс багагүй хөрөнгө босгож, орон нутгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр байна. Тухайлбал, Европын холбоо, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Франц улс дахь салбарын 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа, тэр дундаа Завхан аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд ИНБ-уудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” эдийн засгийн тусгай төсөл 2018 оны нэгдүгээр сараас зорилтот 12 суманд амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 8172 иргэнийг сургалтад хамруулснаар 62 бүлэг байгуулагджээ. Өөрөөр хэлбэл эхлээд үйл ажиллагаагаа явуулах аргачлалыг нь заасны дараа ийнхүү бүлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж эхлээд байна. Өнгөрсөн аравдугаар сард Тосонцэнгэл, Их-Уул сумын таван бүлэгт 26 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулсан бол энэ удаад зорилтот 11 сумын 24 бүлэгт 150 сая төгрөгийн үнэ бүхий 177 ширхэг тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ:”Загас барьж өгөх бус загас барих аргыг нь зааж өг гэдэг сайхан үг бий. Тиймээс энэ төсөл үйлдвэрлэлээ хэрхэн амжилттай авч явах аргыг эхнээс нь  зааж өгч, хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтоо биелүүлэхэд чухал хөшүүрэг болж байна. Төсөл хэрэгжих сүүлийн жил буюу 2021 онд үйлдвэрлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбож өгөх учраас эдийн засгийн бүхий л агуулгыг багтаасан цогц төсөл гэж хэлж болно. Цаашид үйлдвэрлэлийн менежмент, борлуулалтын менежмент, хөрөнгийн менежмент гэсэн 3 чухал асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж томоохон үйлдвэрлэгчид болно гэдэгт итгэлтэй байна. 2020 оны аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэгч бүлэг, цехүүддээ бизнесээ амжилттай авч явахад нь зөвлөн туслах бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Энэ төслөөс гадна гадаад зах зээлээс мөн 380 сая төгрөгийн санхүүжилтыг босгосон. Тус хөрөнгөөр сум бүрт жижиг үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж эхний ээлжинд 8 сумыг арьс шир, нэхий элдэх тоног төхөөрөмжөөр хангаж байна” гэлээ. Мөн “Дэлхийн Зөн Франц” ОУБ-ын Монгол Улсыг хариуцсан хөтөлбөрийн ажилтан Эмилий Вижинел: "Хоёр жилийн өмнө эхлүүлж байсан төсөл бодит ажил хэрэг болж ИНБ-ууд чадавхжиж, үйлдвэрлэгч бүлгүүд олноороо байгуулагдаж тоног төхөөрөмжөө гардан авч буйд их баяртай байна. Бидний маш сайн хамтын ажиллагааны үр  дүнд өнөөдрийн амжилт ирж буйг онцлон хэлэхийг хүсч байна. Ирэх жилүүдэд судалгаан дээрээ үндэслэн үйлдвэрлэгч бүлгүүд, ИНБ-уудаа үргэлжлүүлэн дэмжиж ажиллана” хэмээн онцоллоо.

Бүлгүүд эдгээр тоног төхөөрөмжүүдээ ашиглаад бүтээгдэхүүнийхээ чанар, нэр төрлийг сайжруулж, томоохон үйлдвэр байгуулах эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Эдийн засгийн тусгай төсөл үргэлжлэн хэрэгжих 2020, 2021 онд бүлгүүдэд дахин 360 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж олгох юм.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 

 

2019-12-09 14:01:58