Малчид шүүхийн тухай ярьж байна
1356 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шүүхэд очихсон хэмээн сумынхаа төв рүү хараа чилээвч арын албандаа түүртэн аргагүйддэг малчдын магнайг тэнийлгэсэн үйлчилгээг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх хийжээ. Алслагдмал нутгийн малчны хотхонд шүүх хуралдаан болж, хар нөмрөгтэй шүүгчид өөрсдийн биеэр шүүхээ тайлбарлан таниулж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн энэхүү үйл явдал Монгол даяар өрнөж байгаа шүүхийн шинэтгэлийг хүсэн хүлээж, анир сонор тавьсан иргэдийн дуу хоолойгоор дүүрэн байв. Шүүхийн нээлттэй, хүртээмжит үйлчилгээний шинэ стандарт ийнхүү малчдад чиглэсэн нь нүдээ олсон ажил болжээ. Энэ өдрийн турш шүүх, шүүхийн шинэтгэлээр "амьсгалсан” малчдын сэтгэгдлийг хүргэж байна.

Баянтэс сумын Зайгал багийн малчин Ө.Цэнджав: Малчны хотонд гэхэд итгэмээргүй

Би шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байсан юм. Өнөөдөр шүүхийнхнийг ирэхэд гэрчүүдээ асуулгаж, нотлох баримтуудаа гарган өгч шүүх хуралдаанаа товлууллаа. Малчны хотонд гэхэд нэг талаар итгэмээргүй юм шиг. Шүүх өөрчлөгдөж байгааг нүдээр ингэж үзэх сайхан байна. Шүүхийнхэн өмнө нь сумын төв дээр ирж ажиллаад буцдаг байсан. Бид шүүхийнхэн ирэх сургаар сумын төв явах хүсэлтэй байдаг боловч ар гэрийн байдлаасаа болоод очиж чаддаггүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах, иргэний эрх үүрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай гэртээ хариад уншиж судлах танилцууулга авлаа. Баяртай байна.

 

 

 

 

Тэс сумын Дооно багийн малчин Ц.Үржинсайхан: Төвөгшөөхгүй харьцсан нь дулаан сэтгэгдэл төрүүлсэн

Шүүхийг хүнийг шийтгэдэг байгууллага гэж бодож байсан чинь үнэн зөвийг олж өгдөг, шударгаар ажилладаг сайхан байгууллага юм байна. Би ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг маань түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд туйлын баярлаж байна. Хөдөөний бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл их байдаг. Түүнийгээ асуухад төвөгшөөлгүй тайлбарлаж өгч байсан нь үнэхээр сайхан байсан. Энэ харьцаа надад эелдэг, дулаан сэтгэгдэл төрүүллээ. Шүүх өөрчлөгдөж, шинэ соргог ажлууд их хийж байгаагийн нотолгоо энэ гэж бодож байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар өмнө нь сонсож байсан ч мөнгө хэмнэсэн шуурхай ажиллагаа юм байна гэдгийг илүү ойлгож авлаа. 

 

 

 

Тэс сумын Зүр багийн малчин М.Батбаяр: Малчдаа мартаагүйд баяртай байна

Би ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэрхэн, яаж бичихээ мэдэхгүй байсан юм. Сумын төв рүү ч тоотой ордог болохоор төв явсан хүмүүст нийгмийн даатгалын байцаагчтай уулзаад, заавар зөвлөгөө аваад өгөөрэй гэж захиад явуулдаг боловч надад бүтэлтэй хариу ирдэггүй юм. Харин өнөөдөр шүүхийнхэн ирнэ гэж сонсоод зорин ирсэн нь сайн боллоо. Би энэ завшаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлээ бичиж өглөө. Хөдөөний бид Тосонцэнгэл сум орж нэхэмжлэлээ өгч гэрчүүдээ асуулгана гэдэг зардал чирэгдэл ихтэй хэцүү. Манай Тэс суманд Тэжээлийн аж ахуй гэж байгаад сүүлдээ тэр нь тарж бутраад, тэнд ажиллаж байсан бид ажилласан жилээ баталгаажуулж авч чадаагүйгээс их хохирсон. Тосонцэнгэл сумын шүүх малчдаа мартаагүй, бидэнд ойрхон байгаад нь туйлын баяртай байна. Шүүхийн шинэчлэгдэж, сайн сайхан дэвшилд хүрч байгаа тухай зөндөө мэдээ авлаа.

 

 

 

Тэс сумын Нисэг багийн малчин Б.Оюунгэрэл: Шүүхийн ажилчид хүнд сурталгүйг мэдэрлээ

 

Шүүхэд нэхэмжлэл яаж гаргах талаар шүүхийнхэн ойлгомжтой тайлбарлаж өгсөнд баяртай байна. Шүүхийн ажилчдын ажилдаа хандаж байгаа хандлага үнэхээр сайн юм. Төрийн албан хаагчдыг хүнд сурталтай иргэдийг чирэгдүүлдэг гэж хүмүүс их бухимдалтай байдаг. Харин шүүхийн ажилчид хүнд сурталгүй малчдаа гэсэн сэтгэлтэй, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг найрсаг хүмүүс байдгийг мэдэрлээ. Цаашдаа шүүх улам шударга шуурхай, жирийн малчин бидэнд ойртох байх.

 

 

 

 

Баянтэс сумын Хачиг багийн малчин Д.Пүрэвсүрэн: Малчны хотонд шүүх хуралдаан боллоо

Шүүх хуралдаан болж, шүүхийнхнээс бид сонирхсон асуултандаа хариулт авч байна. Энэ нь малчин бидэнд олдохгүй завшаан. Яагаад гэвэл алслагдмал газрын малчин бидэнд шүүх хуулиа тэр бүр хүссэнээрээ мэдэх боломж байхгүй. Урьд өмнө малчны хотонд ийм үйл явдал болж байгаагүй. Энэ бүхнийг санаачлан зохион байгуулсан шүүхийн хамт олонд баярлаж байгаагаа хэлмээр байна. Миний тухайд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргах гээд эв нь олдохгүй, учраа мэдэхгүй байсан учир нэхэмжлэлээ бичиж өгч, гэрчүүдээ асуулгалаа. Сайн гэгээлэг, болж бүтэж байгаагийн эхлэл шүүхээс мэдрэгдлээ. 

 

 

 

 

Тэс сумын Нисэг багийн малчин У.Дугаржав: Бидний явдлыг хөнгөвчилж, шийдвэрийг нэн даруй гардууллаа

Би шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж сар орчмын дараа малчны хотонд явуулж байгаа иргэний хэргийг шүүх хуралдааны зохигчоор оролцож нэхэмжлэлээ шийдвэрлүүлсэндээ баяртай байна. Малчин бидний явдлыг хөнгөвчилж, бидэнд хамгийн ойр газар шүүх хуралдааныг явуулж, шийдвэрийг нэн даруй гардууллаа. Өргөн цар хүрээтэй, шүүхийн бүхий л ажлыг нэг дор цогцлоосон сайхан ажил болж байна. Цаашид шүүх маань энэ ажлаа улам өргөжүүлвэл олон малчдыг баярлуулна гэдэгт эргэлзээ алга.

 

 

Тэс сумын Нисэг багийн малчин Ш. Эрдэнэцэцэг: Ажлаа мэдэж, мэдээлэл сайн өглөө

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотлох баримтаа цуглуулж шүүх хуралдаандаа малчны хотонд оролцлоо. Шүүгч, шүүхийн ажилчид зөв боловсон харьцаатай, түргэн шуурхай ажлаа мэдэж мэдээлэл сайн өгсөнд баярлалаа. Мөн миний нэхэмжлэлийг шийдвэрлэж өгсөн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг, туслах Г.Баттулга нарт талархаж байна.Шүүх яаж өөрчлөгдөж, өмнөхөөс ахиж сайжирч, иргэдийн сайн сайхны төлөө ажиллаж байгааг сайн мэдэж авлаа. 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2016-06-16 15:29:02