Аймгийн хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хувь нэмэр оруулж, ачааны хүндийг нуруун дээрээ үүрч яваа малчин эмэгтэйчүүд 2 өдрийн турш чууллаа. Эгэл даруухан, ажилч хичээнгүй монгол эмэгтэйн дүрийг эрхгүй шингээсэн малчин эмэгтэйчүүд аймгийн төвд ирсэн даруйдаа нэгдсэн журмаар үсчин, гоо сайхны үйлчилгээ авч, цагаан өнгийн гоёмсог алчуураар ижилсэн чуулганыхаа үйл ажиллагаанд эрч хүчтэй орлоо. Малчин эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонсож, төрийн бодлогыг тэдэнд хүргэх, ирэх оны аймаг сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд малчдын санал болон оролцооны талаар мэдээлэл өгөх, ажлын арга туршлагаа солилцож цаашид хамтран ажиллах зорилготой энэхүү чуулга уулзалтыг нээж аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив үг хэлсэн бөгөөд ариун цагаан хөдөлмөрийнхөө ач буяныг хүртэж яваа малчин эмэгтэйчүүддээ амжилт бүтээлийн дээдийг хүсч, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүллээ.
... Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрээгүй уужим сэтгэл
Цадиг түүх улбаалж, өвгөдийнхөө нутагт эзэн суусан Монгол ухаан
Сар ажин, сайныг ярьж, алсыг харсан холч бодол
Сүү өргөн, сур элдэж, бодлоо ариусгасан хөдөлмөрч зан бүхнийг
Монголын хойч ирээдүй хүүхэд багачууд бид
Өвлөн залгамжилж, уламжлан хөгжүүлэхээ
“БАТЛАН ИЛЭРХИЙЛЖ БАЙНА” хэмээн сурагчид малчин эмэгтэйчүүддээ хандан бат илэрхийлэл өргөж хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн ган зудгүй, эрүүл энх байж урт удаан наслахын тухайд зориулж Төгс Буянт Жавхлант хийдийн лам нар ном айлдсаны дараа малчдад төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиг хандлагын талаар аймгийн ХХААЖДҮГ-ын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэцогт мэдээлэл хийсэн юм.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Зөв амьдрах урлагийг дэлгэрүүлэх” тухай тусгагдсаны дагуу аймгийн Засаг дарга Ж. Жамъянтив малчин эмэгтэйчүүддээ зориулж “Оршихуйн гүн ухааны их далайгаас...” хэмээх шинжлэх ухаан, танин мэдэхүйн сонирхолтой лекц уншсан нь чуулганд оролцогчдын талархлыг хүлээлээ.
Мөн малчин эмэгтэйчүүд “Гүдэн” цогцолборт хүндэтгэл үзүүлж, аймгийн 90 жилийн ойн бүтээн байгуулалттай танилцсаны дараа “Төрд малчин эмэгтэйчүүдийн оролцоо ба ХАА хөгжлийн талаар”, “Эмэгтэйчүүд ба эрүүл мэнд нөхөн үржихүйн талаар”, “Нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн талаар” тус тус хэлэлцүүлэг явагдсан юм. Чуулга уулзалтын бас нэгэн чухал хэсэг бол “Малчин эмэгтэйчүүдэд тулвгамдаж буй асуудал”-ын талаар санал хүсэлтийг нь сонссон явдал байлаа. Тэд: Сүүлийн жилүүдэд залуу малчид ховордож байгаа учраас мал дээр гарч байгаа залуучуудад тэтгэлэг олгох хэрэгтэй байна, говийн сумдад бэлчээрийн асуудал хүнд байгаа, малчин эмэгтэйчүүд 40-45 нас, эрэгтэйчүүд 50 нас хүрээд тэтгэвэрт гардаг болмоор байна, хөдөө багуудад ном, сонин сэтгүүл түгээх хэрэгтэй байна зэрэг асуудлуудыг тавьж байлаа.
Мөн чуулганы үеэр шагналын хур бууж худалдаа үйлдвэрийн тэргүүн, ХАА-н тэргүүн, сайн малчин залуу, аймгийн 90 жилийн ойн медалиудаар 24 сумын нийт 37 хүнийг шагнаж урамшуулснаас гадна бүх төлөөлөгчдөд батламж, энгэрийн тэмдэг, дурсгалын зүйл гардуулсан юм. Түүнчлэн хүндэтгэлийн тоглолт үзэж, төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалтуудад оролцож, эрүүл мэндийн үзлэг, сургалтанд хамрагдсан гээд “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” амжилттай болж, төлөөлөгчдийн сэтгэлийн галд нэгэн зучил нэмлээ.