Улиастай сумын газар зохион байгуулалтын талаар хэлэлцлээ
858 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ удаагийн “Иргэний танхим”-ын нээлттэй хэлэлцүүлгийг “Улиастай сумын газар зохион байгуулалтын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл болон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, Улиастай сумын Засаг дарга Д.Энх-Амгалан, Улиастай сумын газрын даамал н.Өлзийжаргал болон бусад мэргэжилтнүүд оролцлоо. Газрын асуудал аль ч үед байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл энэ нь иргэдийн хамгийн их хэл ам хийж, өргөдөл гомдол гаргадаг асуудал мөн боловч өөрсдийнх нь оролцоо сул, идэвхгүй байгааг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал нээлтийн үгэндээ онцоллоо. Түүнчлэн энэ онд зохион байгуулах бусад хэлэлцүүлгүүдтэй холбоотой тодорхой мэдээлэл өгсөн юм.  

Хэлэлцүүлгийн эхэнд Улиастай сумын Засаг дарга Д.Энх-амгалан: Иргэдээ сонсож, иргэдийнхээ дундаас гарсан санал, санаачлагыг аль болох ажил хэрэг болгохыг зорьж байгаагаа илэрхийлээд аймгийн 90 жилийн ой угтаж хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас танилцууллаа. Тухайлбал: Тойргийн хажуугийн томоохон газар дээр иргэдийнхээ ая тухай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор Хутагтын хүрээлэн байгуулсан, Улиастай захын хажуугийн жижиг худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулснаас гадна газрыг нь өмчлүүлсэн, төр улс түвшин, түмэн олон амгалан байхын бэлгэдэл болгож иргэд, төрийн байгууллагын ажилчдын хүчийг дайчлан төрөөс нэг ч төгрөгийн зарлага гаргахгүйгээр Соёмбо бүтээсэн гээд хийсэн ажлуудаа тодорхой тайлагнасан юм. Түүнчлэн Улиастай сумын газрын даамал н.Өлзийжаргал  Улиастай сумын газар зохион байгуулалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 2013 онд 130 гаруй зөрчилтэй, зөвшөөрөлгүй газруудын судалгааг гаргаж эхний ээлжинд 2-3 удаа хуулийн дагуу мэдэгдэл өгсөн боловч иргэд биелүүлээгүйгээс аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн олон түмний нийтлэг эрх ашгийн төлөө нэлээд газрыг албадан чөлөөлсөн байна.

Улиастай сум 2 гол, уулын дунд оршдог учраас газрын нөөц багатай. Тиймээс газраа зүй зохистой ашиглах шаардлагатай байгаа юм. Ирэх жил Богдын гол багт шинэ төлөвлөлт хийх бөгөөд гудамж хоорондох дулаан, цэвэр бохирын шугамыг бага зардлаар шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна. Хэрэв энэхүү шинэ төлөвлөлтийн ажлыг иргэд дэмжин амжилттай хийвэл цаашид бусад багт ч мөн дэд бүтэц сайтай орчин үеийн гэр хорооллыг бий болгох боломжой гэдгийг хотын дарга хэллээ. Мөн сүүлийн үед иргэд зөвхөн хувийн эрх ашгаа бодож, аймаг орон нутгийнхаа ирээдүйн хөгжлийг харахгүйгээр дур мэдэн хашаа хатгаж, хашаагаа сунгаж байгаа. Тиймээс энэ асуудалтай хатуу тэмцэнэ гэдгийг ч санууллаа.

Харин иргэдийн хувьд жишиг хорооллын асуудал юу болж байгаа вэ, гагнуурын үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг нэг тийш нь төвлөрүүлж өгөх, хориотой газар мал зарахыг зогсоох, ногоочид зуны цагт гадаа ногоогоо заралгүйгээр газрын зөвшөөрөл авч сүүдрэвч барих хэрэгтэй байна, шилжүүлэг хийгдээгүй айлд зөвшөөрөл олгох уу, ногоо усалдаг сувгууд дээр хашаагаа барьсан айлуудыг нүүлгэх шаардлагатай байна, Чигэстэй багийг дэд бүтцэд холбох талаар ямар төлөвлөгөө байна вэ, бүтээн байгуулалтынхаа ажлыг хийж дууссаны дараа тухайн газраа буцаагаад цэгцлэх, цэвэрлэх тал дээр анхаарах шаардлагатай байна, махны шинжилгээний бичгийг иргэдэд ил харагдахаар байрлуулах хэрэгтэй, мал мах худалдаалдаг цэг цөөн байгаагаас үнийн хөөрөгдөл үүсч байна, хэлэлцүүлэг бүрт Улиастай сумын ЗДТГ-аас холбогдох мэргэжилтнүүд оролцох шаардлагатай зэрэг газрын асуудалтай холбогдолтой болоод бусад олон асуудлаар асуулт тавьж тодорхой хариулт авлаа.

“Иргэний танхим”-ын дараагийн хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 14-ны 14:00 цагт “Улиастай сумын инженерийн шугам сүлжээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр явагдах бол 11 дүгээр сарын 28-ны 14:00 цагт “”Эрчим хүчний хангамж иргэдийн амьдралд”, 12 дугаар сарын 26-ны 14:00 цагт “Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Аймгийн 2013 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн биелэлт, үр дүн” сэдвээр тус тус явагдах юм.

 

2013-10-25 03:30:14