Тэртээ 1929 онд “Докторын газар” нэртэйгээр анх суурь нь тавигдаж байсан Завхан аймгийн одоогийн Нэгдсэн эмнэлэг нь 1977 онд ашиглалтанд орж орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж, тэр дундаа эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 30 ор бүхий Төрөх эмэгтэйчүүдийн тасагтайгаар үзүүлж ирсэн юм. Ийнхүү 80 гаруй жилийн түүхийн шаргал хуудсыг элээсэн энэ хамт олон өвлийн эхэн сарын билэгт сайн өдөр эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлст томоохон хөрөнгө оруулалт болсон “50 ортой шинэ амаржих газар”-аа хүлээн авч нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ. Нээлтэнд аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн, Нэгдсэн эмнэлгийн дарга М.Үржинханд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив нээлтийн үгэндээ: Орчин цагийн анагаах ухааны буянаар монгол түмэн эрүүлжин жавхаажиж эрүүл мэнд хэмээх юугаар ч солишгүй баялагийн эзэн байхад эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын их хувь нэмэр үнэлж баршгүй юм. Эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг. Манай аймгийн хувьд эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд эх хүүхдийн эндэгдэл эрс буурч байгаа хэдий ч энэ үр дүнг тогтвортой байлгах нь нэн чухал юм. Иймд эх хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр өгөөжийг улам бүр сайжруулж ажиллана гэдэгт Аймгийн Засаг дарга миний бие итгэлтэй байна. Бүх амьд биетийн оршин тогтнох, төрөх үхэхийн орон зайн цаг хугацааг уртасгаж өнгөрсөн хугацаанд олсон амжилт ололтоо улам бататгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн арддаа тэгш, хүртээмжтэй чанартай хүргэн ЭХ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭМНЭЛЭГ болохыг хүсэн ерөөлөө.
Эх хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн хөрөнгө оруулалт болж буй энэхүү шинэ Амаржих газрыг барьж байгуулахад олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн бөгөөд РСТ барилгын компанийн хамт олон болон эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангахад хөрөнгө оруулалт хийсэн НҮБ-ийн ХАС, ДЗОУБ, бусад хамтран ажилладаг байгууллага, нийт эмч ажилтанууддаа байгууллагын удирдлагын зүгээс талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.
Ийнхүү Завхан аймагт орчин үеийн шаардлагад нийцсэн 50 ортой шинэ Амаржих газар ашиглалтанд орсон нь орон нутагт Эх нялхсын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй эмч ажиллагсадын ажиллах таатай орчин нөхцөл бүрдэхэд ихээхэн ач холбогдолтой юм.