Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Хилийн болон хил орчмын 9 сумын төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлж, хил хамгаалалтанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хил хамгаалалт-Терроризмын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт бүсийн сургалтыг Завхан аймагт анх удаа зохион байгууллаа. Тэс сумд зохион байгуулсан сургалтанд Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат сумын ИТХ-ын дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Сумын засаг дарга, ЗДТГ-ын дарга, ЕБС-ийн захирал, Эрүүл мэндийн төвийн дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид, Хилийн цэргийн 0277-р ангийн захирагчийн орлогч, Штабын дарга, Тэс сум дахь Цагдаагийн тасгийн дарга, Арц суурь дахь Гаалийн албаны дарга, Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга зэрэг нийт 33 оролцогч хамрагдсан бол Сонгино сумд болсон сургалтанд Асгат, Нөмрөг, Түдэвтэй, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино сумдаас нийт 35 хүн оролцсон томоохон сургалт боллоо.
Сургалтыг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшижаргал үг хэлсэн юм. Түүнчлэн аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ын мэргэжилтэн П.Мөнхзаяа мэдээлэл хийлээ.
Энэхүү бүсийн сургалтанд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Н.Ганбаатар “Эрх зүйн шинэтгэлийн бодлого”, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хангах асуудал” сэдвээр, Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Болортуяа “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар”, СТСХ-ийн мэргэжилтэн Д.Мөнхтуяа “Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал”, Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Ч.Пүрэвдорж “ Терроризмын гэмт хэргийн гадаад, дотоод нөхцөл байдал”, Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, хошууч Ч.Мөнх-Очир “Гэмт хэргийн өнөөгийн байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны байгууллагуудаас анхаарах асуудал”, Хилийн 0277-р ангийн дэргэдэх Тагнуулын тасгийн дарга, ахмад Н.Пүрэвдорж “Сумдын аюулгүй байдал, нууц хадгалалт, онцгой обьектын харуул хамгаалалт анхаарах асуудал”, Аймгийн Хил хамгаалалтанд туслах хүчний зөвлөлөөс “Хил хамгаалалт-иргэдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Ийнхүү төгсгөлд нь сургалтанд оролцогчдын дунд уулзалт, ярилцлага төдийгүй соёлын арга хэмжээ зохион байгуулснаар анх удаагийн бүсийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.