АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ
662 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2013 оны 11 сарын 13-ны өдрийн аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар 1.Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын үйл явц, үр дүнгийн тухай  2. Эрүүл мэндийн эрс шинэчлэлт хөтөлбөрийг танилцуулах 3. Аймгийн сайн малчин, тариаланч шалгаруулах журамд өөрчлөлт оруулах тухай 4. Аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө 5. “Эрүүл модон эдлэл” хөтөлбөрийг тус тус хэлэлцлээ.

Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын үйл явц, үр дүнгийн тухай  аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Эрдэнэбаатар танилцууллаа. Тэрээр: Хохирсон иргэдийн тоо болон эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс, захиргааны зөрчил өмнөх жилүүдээс буурсан нь эргүүл сайн явж байгаатай холбоотой. Эрүүгийн хэрэг эхний 9 сарын байдлаар 320 бүртгэгдээд байна. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, бүх сумдад чиглэл чиглэлээр нь машин явуулж ажиллуулж байгаагийн үр дүнд илрүүлэлт ч ихсэж байна. Харин Замын цагдаагийн чиглэлээр манай аймагт автомашин жилдээ 1000 орчмоор нэмэгдэж байгаагаас осол гэмтэл буурахгүй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний эрхийг 2 жилээр хасч байгаа. Зам тээврийн аюулгүй байдлын талаар ард иргэдэд гарын авлага, сэрэмжлүүлэг тогтмол хүргэж байгаа хэдий ч замын зөрчлийг мотоциколтой иргэд их гаргаж байна. Эрүүлжүүлэх байраа стандартад нийцүүлэн засаж нэгэн зэрэг 40 орчим хүн эрүүлжүүлэх боломжтой болсон, иргэдийг хүлээж авах байраа шинэчлэн журмын хашааг сайжруулсан, баривчилгаанд байгаа хүмүүст интернэтээр гэр бүлийнх нь хүмүүсийн дуу хоолой, яриаг нь хүргэж байгаа гээд дотоод нөөц бололцоогоо ашиглан олон шинэлэг ажил хийж буй тухайгаа хэллээ.

Харин “Цагдаагийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, ялангуяа гэр бүлтэйгээ хамт ажиллах талаар ямар арга хэмжээ авч байна вэ” гэсэн аймгийн Засаг даргын асуултанд: Гэр бүлийнх нь хүн аймгийн төв дээр ажилтайн улмаас тусдаа амьдарч байгаа 12 албан хаагч байдаг. Тиймээс гэр бүлийн хүнээ дагаад сумруу явж байгаа хүмүүсийг ажлын байраар хангах талаар сумдын Засаг  дарга нартай гэрээ байгуулан ажиллаж байгаа гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн  Цадаагийн байгууллагыг бусдадаа үлгэр дуурайл болохуйц сайн ажиллаж байгааг Зөвлөлийн гишүүд сайшаалаа.

Эрүүл мэндийн эрс шинэчлэл хөтөлбөрийг Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн танилцуулсан юм. Тэрээр: Энэ хөтөлбөрийн сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээнд 1. Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ 2. Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ 3. Сэтгэлд нийцсэн лавлагаа үйлчилгээ 4. Сэтгэлд нийцсэн оношлогоо үйлчилгээ 5. Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ 6. Сэтгэлд нийцсэн сувилгаа үйлчилгээ 7. Сэтгэлд нийцсэн эмчилгээ үйлчилгээ 8. Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх үйлчилгээ багтаж байгаа юм. Мөн эрүүл мэндийн салбарт техник хэрэгсэл, хүн хүчний хүрэлцээ муутайгаас нэг мэргэжилтэн 2 хүний ажлыг хийж байгаа тухай хэллээ. Энэ хөтөлбөрийн тухай аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив хэлэхдээ: Өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамж хангалтгүй байсан учраас энэ байдлыг өөрчлөх зорилгоор мөрийн хөтөлбөртөө оруулсан. Дээрх сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ маш зөв байна. Хувь хүн эмнэлэгт хэвтэж эм тариагаар тариулахдаа гол нь биш, өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар олон талын мэдлэгтэй болох, өвчнөө нуудаггүй, өвдсөн нэгийгээ шоолж муулдаггүй гэх мэт харьцаа хандлагыг төлөвшүүлэх талруу хөтөлбөрөө чиглүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарыг спортын салбартай уялдуулж лекц семинар уншуулмаар байна. Энэ хөтөлбөрийг зорилтоос нь эхлээд өөрчлөх нь зүйтэй. Эх нялхаст үзүүлэх эмнэлгийг байгууллагын үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах, чанар, хүртээмж, тогтвортой байдлыг хангах шаардлагатай. Дан ганц эмчид өөрийгөө даатгадаг явцуу хандлагыг өөрчлөх нь хамгийн чухал юм. Энэ хөтөлбөрөө яамныхаа хөтөлбөртэй уялдуулахаас гадна 1. Эх нялхасын эндэгдлийг бууруулах 2. Дэмжигч байгууллага хамт олныг нэмэгдүүлэх 3. Эмч, эрүүл мэндийн ажилтны зөвлөгөө өгөх чадварыг сайжруулах 4. Ёс зүйн хариуцлагыг өндөржүүлэх 5. Эрүүл мэндийн аюулгүй тусламж үйлчилгээг сайжруулах гэсэн 5 зорилтыг гол болгож ХГБХХэлтэс, ССАЖГазартай сайн уялдаж ажиллах хэрэгтэйг санууллаа. Ийнхүү хөтөлбөрийг дахин боловсруулж дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр боллоо.

Аймгийн сайн малчин, тариаланч шалгаруулах журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ХБХ-ийн мэргэжилтэн  Д.Азжаргал танилцуусан юм. Зөвлөлийн гишүүдийн зүгээс: Цөлжилтийг ихэсгэдэг ямаа мал сүрэгт 25 хувийг эзэлнэ  гэдэг бол өндөр тоо. Манай аймагт мах, сүү өндөр үнэтэй байна. Тиймээс мах, цагаан идээний үнийг бууруулахад ямар хувь нэмэр оруулсан юм бэ, тухайн хүний олон мал сүрэг ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй. Түүнчлэн сүүлийн үед халуун ам бүлээрээ мал дагаж байгаа айл өрх цөөхөн байна. Иймд гэр бүлээрээ малаа маллаж байгаа эсэхийг нь харах, оны эхний болон эцсийн мал, сүү цагаан идээ зэрэг үзүүлэлтүүдийг нэмж оруулахаар боллоо. Харин Зөвлөлийн гишүүн Х.Баярлхагвын гаргасан тариаланч хамт олон шалгаруулах журмаас бусад бүх журмыг 150.000-300.000 төгрөгийн шагналын сантай болгох, хамт олны шагнал 800.000 төгрөг байх тухай саналыг гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжлээ. Энэхүү журмыг мөн дахин боловсруулан дараагийн Зөвлөлийн хурлаар оруулахаар болсон юм.

Харин аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг ХБХ-ийн мэргэжилтэн Б.Цэрэнханд танилцууллаа. Ховордсон ан амьтан үхэхээс гадна өөр нутаг руу нүүдэг асуудлыг хэрхэн зогсоож болохыг анхаарах хэрэгтэйг Зөвлөлийн гишүүд сануулаад төлөвлөгөөг 100 хувийн саналаар баталлаа.  

“Эрүүл модон эдлэл” хөтөлбөрийг ХБХ-ийн мэргэжилтэн М.Саранчимэг танилцуулсан юм. Энэ хөтөлбөрийг хүн амын өргөн хэрэглээний модон эдлэлийн үйлдвэрийг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулсан гэдгийг хэлж байлаа. Зөвлөлийн гишүүн М.Товуу хугацааг 2018 он бус, 2013-2016 он болгох санал тависаны дагуу энэ хөтөлбөрийг 2016 онд дуусгах төлөвлөгөөтэйгээр боловсруулахаар боллоо.  Түүнчлэн аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг хэлтсийн дарга  нар урьдчилан сайн хянаж байхыг үүрэг болгосноор энэ удаагийн хурал өндөрлөсөн юм.

2013-11-21 12:19:02