Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар 8 асуудал хэлэлцлээ
727 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд орон нутагт тулгамдаж буй асуудал болоод цаашид авах тодорхой арга хэмжээнүүдийг 7 хоног бүрийн Лхагва гарагт хэлэлцэж хэвшээд байна.

2013 оны 11 дүгээр сарын 20-ны ээлжит хурал Аймгийн Засаг даргын өрөөнд болж дараах 8 асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:1.Аймгийн 2014 оны төсөв 2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай 3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй танилцах 4. Хүүхэд залуучуудын ордны барилгын их засварын хөрөнгө шийдвэрлэх тухай 5. Мал аж ажуйн өвөлжилтийн бэлтгэл хангалтын дүн, цаашид авах арга хэмжээний тухай 6. Аймгийн сайн малчин, тариаланч шалгаруулах журамд өөрчлөлт оруулах тухай 7. Аймгийн 12 сумын нөхөн үржихүйн насныхныг ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ оношлогоонд хамруулсан ажлын тайлантай танилцах 8. Эрүүл мэндийн эрс шинэчлэл хөтөлбөртэй танилцах гэсэн асуудлууд багтжээ.

2014 оны аймгийн төсвийг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Ганболд танилцуулсан бөгөөд сумдын төсвийг хүн ам өрхийн тоо, газар нутгийн хэмжээ, хол ойрын хэмжээ, багийн тоо зэргийг харгалзан гаргасан гэдгээ хэллээ. Зөвлөлийн гишүүд аймгийн төсвийг гаргахдаа хүнд ойлгомжтойгоор товчоолж, үгэн илтгэл бэлтгэх зэрэг саналуудаа хэлсний эцэст ирэх оны төсвийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахаар 100 хувийн саналаар дэмжлээ. Харин аймгийн Татварын хэлтсийн төсвийн тайланг Татварын хэлтсийн дарга Хүрэлбаатар танилцуулж,  тайланг ИТХ-ын хуралдаанд оруулахыг гишүүд мөн л 100 хувийн саналтайгаар дэмжлээ.

2013 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Б.Цэнд-Аюуш танилцууллаа. Гишүүдийн зүгээс Үндсэн чиглэлийн биелэлт зүйл бүр дээр хавтас нээж хэрэгжилтийг нь гүйцэтгэлийн тайлбартай нь давхар бичих, мөн ТББ, Олон улсын байгууллагуудаас хийсэн ажлынх нь мэдээ тайланг авч оруулах, Үндсэн чиглэлд тусгагдаагй ч бусад хийсэн ажлуудыг тусад нь танилцуулах хэрэгтэй гэдгийг хэллээ. Харин 2014 оны Үндсэн чиглэлийн төслийг Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа танилцууллаа. Зөвлөлийн гишүүд заалт тус бүр дээр өөрчлөлт оруулах зүйлүүдийг хэлэлцсэн бөгөөд төслийг дахин боловсруулахаар боллоо.

Эрүүл мэндийн эрс шинэчлэл хөтөлбөрийг ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн танилцуулсан бөгөөд зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар хөтөлбөрийг дэмжсэн байна.

Хүүхэд залуучуудын ордны барилгын их засварын хөрөнгийг ХГБХХ-ийн дарга Г.Мягмарсүрэн танилцуулсан бөгөөд байрны асуудлаа шийдчихвэл Залуучуудын хөгжлийн хөтөлбөр төсөл хэрэгжих бүрэн боломжтой, түүнчлэн 1981 онд ашиглалтанд орсноосоо хойш хоёрхон удаа засвар хийгдсэн учраас хүүхэд залуучуудын талаар үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, их засвар хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг хэллээ. Зөвлөлийн гишүүдийн зүгээс энэ ажлынхаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл өгөх хэрэгтэйг хэлээд ХГБХХэлтсийн байранд засвар хийх саналыг дэмжлээ.

Аймгийн сайн малчин, тариаланч шалгаруулах журам болон Аймгийн тэргүүний хоршоо, тэргүүний тариаланч хамт олон, тэргүүний тариаланч, тэргүүний ферм шалгаруулах журмуудыг тус тус ХБХ-ийн мэргэжилтэн Азжаргал танилцуулж Зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар баталлаа.

Аймгийн 12 сумын нөхөн үржихүйн насныхныг ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ оношлогоонд хамруулсан ажлын тайланг Нэгдсэн эмнэлгийн дарга М.Үржинханд  танилцууллаа. Зөвлөлийн гишүүдийн зүгээс аймгийн хэмжээнд гарсан бүх өвчлөлийг ангилалаар нь гаргах, чиглэл бүрээс мэдээ тайланг нь аваад нэгтгэ. Ажлаа сайн зохион байгуулсан ч, цаасан дээр буулгаж чадаагүй байна гэсэн шүүмжлэл хэллээ. Ингээд Аймгийн 12 сумын нөхөн үржихүйн насныхныг ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ оношлогоонд хамруулсан ажлын тайланг дахин боловсруулж дараагийн хурлаар оруулахаар боллоо.

 

2013-11-27 12:50:01