12 дугаар сарын 3 буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээний төв, Хатансэмбэрүү ТББ-ын Сэмбэрүү сургалт хөгжлийн төв хамтран “Мэдээлэл авах хэрэгцээ” сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Хатансэмбэрүү ТББ-аас зохион явуулсан амьдрах ухааны сургалтуудад хамрагдсан иргэд болон аймгийн ЗДТГ-ын “Нэг цонхны үйлчилгээний төв”, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Хатансэмбэрүү ТББ-ын төлөөлөл оролцсон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний талаар Д.Мөнхбат /Нэг цонх/, С.Сарантуяа /НХҮХ/, Б.Алтанзул /НХҮХ/, Ж.Доржханд /ХХ/, Б.Алтангадас /ХХ/ нар, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний сургалтын төслийн танилцуулгыг В.Бадамрагчаа /Хатансэмбэрүү ТББ/ нар мэдээллэж иргэдийн асуултад хариулт өглөө.
Иргэд мэргэжлийн баримжаа олгох сургалтад хамрагдах, нэг сая нэг ажлын байр төсөлд хэрхэн хамрагдах, ХБИ-ийг тогтмол эмчилгээнд хамруулах эмнэлэг байдаггүй тул эмчлүүлэх ямар боломж байгаа талаар, ХБ-тэй хүүхэд, иргэнийг асарч буй хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ямар боломж байгаа талаар, эмнэлэгт үзүүлэхэд дараалал ихтэй байгаа талаар, ХБИ-ний үнэмлэхээр нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх боломжгүй байгаа талаар, ХБХ-ийн эцэг эхчүүд ХЭДС-ийн төсөлд хамрагдаж болох эсэх, ХБИ-д ажилд ороход хүндрэлтэй байгаа талаар олон асуулт тавьж, саналаа хэллээ.
Хэлэлцүүлгээс:
Иргэд боловсролын болон сэтгэл засал, согог засал, сувилахуйн цогц үйлчилгээ хүргэх, нийгэмшүүлэх хөгжлийн ордон байгуулж өгөх хүсэлтийг орон нутгийн удирдлага болон Засгийн газарт уламжлаж өгөхийг зохион байгуулагчдаас хүслээ.