Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол улсын Шинжлэх ухааны академи, Завхан аймгийн Нутгийн зөвлөл хамтран нутгийн эрдэмтдийнхээ оюуны их уурхайг түшиглэн “Завхан аймгийн тогтвортой хөгжлийн стратеги” онол практикийн бага хурлыг анх удаа зохион байгууллаа. Энэхүү бага хуралд Завхан нутгаас төрсөн 10 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл тависан бөгөөд Завхан аймгийн хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулах томоохон зөвлөмж гаргасан юм. Хурлыг нээж аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, ШУА-ийн Техник технологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Г.Пүрэвдорж, УБ хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Сонор трейд ХХК-ийн захирал Б.Энхболд нар үг хэллээ.
“Завхан аймгийн тогтвортой хөгжлийн стратеги” онол, практикийн бага хурлын эхний илтгэлийг аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив “Завхан аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр тависан бол, Боловсролын хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Н.Бэгз “Завхан аймгийн ЕБС-ийн хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, түүхийн ухааны доктор Д.Баярсайхан “Улиастай хотын хөгжлийн түүхэн тойм, хот байгуулалтын загвар”, Чингис хаан дээд сургуулийн багш, профессор О.Сүхбаатар “Завхан аймгийн аялал жуулчлалыг эрчимжүүлэх менежментийн асуудалд”, “Шинэ Ази майнинг” ХХК-ийн зөвлөх, гавьяат эдийн засагч, доктор Б.Шаравсамбуу “Тэлмэний дулааны цахилгаан станц, бүс нутгийн хөгжилд түүний хувь нэмэр”, ШУТИС-ийн багш, зөвлөх инженер, доктор Г.Жамсрандорж “Завхан аймгийн ашигт малтмалын тойм” сэдвээр тус тус эхний өдөр илтгэл тавилаа.
Түүнчлэн МУИС-ийн багш, доктор, профессор Г.Авирмэдийн “Орон нутгийн санхүүгийн удирдлагын онцлог”, ҮХААЯ-ны СБТГ-ын дарга, доктор Л.Чой-Ишийн “Сартуул хонины ноосноос ялгасан ноолуурлаг ширхэгтийн онцлог, туршилт судалгааны үр дүн”, МУИС-ийн Завхан сургуулийн ЭШХАА-ны дарга, доктор, дэд профессор Б.Дэмидийн “Завхан аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдал, түүний баруун бүс дэх өрсөлдөх чадвар”, МУИС-ийн Завхан сургуулийн багш, докторант Б.Байгалмаагийн “Төсвийн эрх зүйн шинэчлэлийн зарим асуудал” сэдэвт ханын илтгэлүүдтэй хуралд оролцогчид танилцсан юм.
Мөн энэ өдөр “Завхан аймгийн хөгжлийн стратеги”, “Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд хуралд оролцогчид ч хэлэлцүүлэгт нэлээд ач холбогдол өгч оролцон панелистуудаас асуулт асууж, өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.
Харин “Завхан аймгийн тогтвортой хөгжлийн стратеги” онол, практикийн бага хурлын 2 дахь өдөр УБ хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Сонор трейд ХХК-ийн захирал Б.Энхболд “Кластерийн хандлагад тулгуурлан Завхан аймгийн хөгжлийг хурдасгах зарим арга зам” сэдвээр, ШУТИС-ийн багш, доктор, профессор Б.Пүрэвтогтох “Завхан аймгийн уул уурхай түлш хангамжийн асуудалд”, ШУА-ийн загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн захирал, академич, профессор А.Дулмаа “Завхан аймгийн Улаагчны хар нуурыг загасжуулсан ба тус сав газрын цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны үр дүнгээс” сэдвээр, МУИС-ийн Завхан сургуулийн захирал, доктор М.Эрдэнэчимэг “Монгол улсын баруун бүс ба Завхан аймгийн хэрэгцээнд тулгуурлан махны кластерийг идэвхжүүлэх боломж”, МУИС-ийн Завхан сургуулийн багш, докторант Д.Нар-Од “Завхан аймгийн хөгжилд жижиг дунд үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх нь”, ШУА-ийн Техник технологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Г.Пүрэвдорж “Завхан аймгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөгжлийн стратеги” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Бага хурлын хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийг “Завхан аймгийн хөгжлийн гарц” сэдвээр зохион байгуулсан юм.
Энэхүү үйл ажиллагааны хамгийн чухал асуудал болох бага хурлаас гарсан зөвлөмжийг танилцуулсны дараа төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрдэмтэн судлаачдаа аймгийн 90 жилийн ойн медалиар шагнаж, түүхт ойг тохиолдуулан гаргасан номуудаа гардуулан өглөө.
Ийнхүү аймгийнхаа хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэстэйгээр тодорхойлох зорилгоор зохион байгуулсан “Завхан аймгийн тогтвортой хөгжлийн стратеги” онол, практикийн бага хурлыг аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив хааж үг хэлсний дараа хуралд оролцогчид аймгийн сүлд дуу болох “Завхан гол” дууг хамтдаа дуулснаар хоёр өдрийн турш амжилттай, үр дүнтэй үргэлжилсэн бага хурал өндөрлөлөө.
“Завхан аймгийн тогтвортой хөгжлийн стратеги” онол, практикийн бага хуралд зориулан “Завхан аймгийн хөгжлийн стратегийн асуудлууд” илтгэлийн эмхтгэлийг Монгол улсын Шинжлэх ухааны академи, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран хэвлүүлсэн бөгөөд энэ номноос хуралд тавигдсан илтгэлүүд болоод бусад илтгэлийг бүрэн эхээр нь унших боломжтой юм.