Аймгийн эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн эцсийн тайлан
810 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Илтгэгч : Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив

/2013-12-04/

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм дарга, төлөөлөгчдөө!

Урилгаар оролцож байгаа эрхэм зочид оо!

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Засаг дарга миний бие “2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Аймгийн эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”- ийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2-р хуралдаанаар  батлуулснаас хойшхи нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, зохион байгуулсан ажлынхаа биелэлтийг тайлагнаж  байна.

2012-2013 он бол шинээр бүрэлдсэн УИХ, Засгийн газар, бүх шатны хурал, Засаг даргын бүрэн эрхийн хугацааны ажлын гарааны жил байлаа.

Энэ жил бид төрөлх аймгийнхаа түүхт 90 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдгэлсний зэрэгцээ  Баруун бүсийн “Отгонтэнгэрийн хурд -2013” хурдан морины уралдаан,  “Шашин соёлын Соёмбо II” их наадмыг аймагтаа зохион байгуулснаараа онцлог байлаа.

Аймгийн Засаг дарга миний бие нь: Завхан нутгийн иргэд, олон нийтийн оюун ухаан, бүтээлч санаачлагыг дэмжин, өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засаг, нийгмийг хөгжүүлж, байгалийн баялагийг үр өгөөжтэй ашигласан, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын “Баруун бүсийн тулгуур төв” болгох Эрхэм зорилгыг дэвшүүлэн  ажиллаж байна.

2013 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн  зорилго нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, иргэд олон нийтийн идэвхи санаачлагыг өрнүүлэх, дэд бүтцийн хөгжлийн үндсэн тулгуур болсон улсын болон орон нутгийн чанартай  зам засвар арчлалтын ажлын чанар, гүйцэтгэлийг сайжруулах, аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлэх,  ажлын байрыг нэмэгдүүлэн, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэхэд  зонхилон чиглэсэн болно.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжилүүлэх  гарааны жилийн  үндсэн чиглэлийн хэрэгжилтийг ханган ажиллах зорилтын хүрээнд

  • Аймгийн Засаг даргаас Хэлтэс агентлагийн дарга нартай байгуулсан “Үр дүнгийн гэрээ”
  • Сумын засаг дарга нартай байгуулсан “ Төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”
  • Аймгийн Засаг даргын Тамгын газар болон хэлтэс агентлагуудын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө
  • Сумдын эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх  үндсэн чиглэл               

зэрэгт хамаарах зүйл заалтуудыг тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хагас жилээр биелэлтийг тооцон аймгийн ИТХуралд тайлан мэдээг тавьж, гүйцэтгэл удаашрилтай болон цаг хугацааны хувьд хэрэгжүүлэх хугацаа хэтэрсэн зэрэг  заалтуудын хэрэгжилтийг хангах талаар үүрэг чиглэлийг холбогдох байгууллага албан тушаалтануудад өгч ажиллалаа.

“Хил хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай”, “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай”, “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай”, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай” зэрэг 5 албан даалгавар гаргасны зэрэгцээ 330 захирамжийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.

Үүний зэрэгцээ аймгийн 90 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд үндсэн чиглэлд тусгагдсан болон тусгагдаагүй нилээдгүй ажлыг төлөвлөн хийж гүйцэтгэлээ.  

  •  эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 5 бүлэг, 33 зорилт, 267 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж, хэрэгжилт 92,7% тай байгаа бол Засаг даргын  2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 32,7%-ийн гүйцэтгэлтэй байна.

Нэг. Санхүү, эдийн засгийн бодлогын хүрээнд

Бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, татварын баазыг өргөтгөх, статистик тооллого, судалгааны үр нөлөөг дээшлүүлж, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх,  бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилтыг тавин ажиллаж байна.

2013 оны 12 дугаар сарын 01-ны байдлаар татварын орлогод 6332,3 сая төгрөг төвлөрч төлөвлөгөөний биелэлт 127,7 %-тай биелж, улсын төсөвт 674,8 сая төгрөг,

орон нутгийн  төсөвт 5657,5 сая төгрөг оруулж  орон нутгийн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувийн жин 25,9 % болж  аймгийн дүнгээр өглөг 669,2 сая төгрөг, авлага 37,2 сая төгрөг байна. Аймгийн төсвийн нийт зарлагын 20527,7 сая төгрөг буюу 42,3 хувийг Боловсролын  яамны тусгай шилжүүлэгийн  байгууллагуудын зардал,  4084,3 сая төгрөг буюу 8,4 хувийг Эрүүл мэндийн яамны тусгай шилжүүлгийн байгууллагуудын зардал, 21587,6 сая төгрөг буюу 44,5 хувийг аймгийн Засаг даргын үйл ажилагааны зардал, /орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө орсон/  208,1 сая төгрөг буюу 0,4 хувийг Барилга хот байгуулалтын яамны тусгай шилжүүлгийн байгууллагуудын зардал, 1948,1 сая төгрөг буюу 4,9 хувийг Соёлын яамны тусгай шилжүүлгийн байгуууллагуудын зардал, 140,3 сая төгрөг буюу 0,3 хувийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны тусгай шилжүүлгийн байгууллагуудын зардал тус тус эзэлж байна.

Улсын төсвийн тасалдал, эдийн засгийн хямрал, хүндрэл бэрхшээлээс шалтгаалж  ОНХС-ийн 15,3%  буюу 1 тэрбум 470 сая төгрөгийг төсвийн тодотголоор хасч дээр нь өнөөдрийн байдлаар  1 тэрбум 161 сая төгрөгийн санхүүжилт дутуу байгаагаас аймаг сумын ОНХС-ийн хуваарьт мөнгийг олгож чадаагүй, хийгдэж дууссан ажлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх боломжгүй байгаагаас  иргэд, аж ахуй нэгжийг хохироож байгаагийн зэрэгцээ аймгийн 2013 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зарим зорилтууд тасалдах ихээхэн хүндрэл учирч  байна 

Сангийн яам болон аймгийн төрийн сангаас хязгаарлаж болох урсгал зардлыг хязгаарлах,хяналт тавих зорилгоор бүх сумдын төрийн санг нэгдсэн сүлжээнд  холбох зорилт тавин ажиллаж байна. Одоогоор  2 сумын шилэн кабель тасарсан, 8-н сумын сансрын антены тохиргоо хийгдээгүй шалтгаанаар 10 сумын төрийн сан нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байна.  Цаашид бүх сум холбогдсон тохиолдолд Төрийн сангийн  гүйлгээ шуурхай хийгдэж мэдээлэл солилцох, албан бичиг тоот дамжуулах, төрийн үйлчилгээг цаг алдалгүй явуулах ач холбогдолтой юм.

 2013 оны 1-р сарын 1-ээс Монгол улсад шинэ Төсвийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн болон аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогч нарт төсвийн тухай хууль болон түүнийг дагаж гаргасан 29 журмын дагуу давхардсан тоогоор 200 гаруй хүнд сангийн яам болон  аймгийн төрийн сангийн хамтарсан сургалтыг зохион байгууллаа.

Орон нутгийн татварын орлогийг жигд ханган биелүүлж 2013 оны 11 сарын эцсийн байдлаар цалин хөлс түүнтэй адилтгах орлого, бууны албан татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, улсын тэмдэгтийн хураамж, ус рашаан ашигласны гэх мэт орон нутгийн татвар хураамжууд сум аймаг бүртээ 100 болон түүнээс дээш хувийн биелэлттэй байна.

Эхний 10 сарын байдлаар 237 татвар төлөгчийг татварын хяналт шалгалтанд хамруулж төлөвлөгөөг 100.5 хувиар биелүүлж, 303.1 сая төгрөгийн татварын нөхөн төлбөр ногдуулсан байна.

Аж ахуйн нэгж байгууллагуудын  санхүүгийн болон  татварын  тайланг  онлайнаар шивж тоон гарын үсэгт шилжүүлэх, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах талаар аж ахуйн  нэгжийн 110 гаруй нягтлан бодогчийг хамруулсан 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд нийт 1098 аж ахуйн нэгж байдгаас 30 гаруй хувь нь онлайнаар тайлангаа өгч байна.

            Сум орон нутгийн статистикийн мэдээлэгчдийг сайжруулах талаар сумдын бүх засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч, статистикч бага эмч нарт 2-р өдрийн сургалтыг статистикийн хэлтэс, аймгийн тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэс хамтран  зохион байгууллаа.

            Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас  арилжааны банкуудаар дамжуулан 23 аж ахуйн нэгж,иргэнд 255 сая төгрөгийн  жижиг дунд үйлдвэрийн зээлийг олгосон дүнтэй  байгаа нь манай аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид банкны шалгуур үзүүлэлтийг хангаж бизнесээ өргөжүүлж байгаа нь харагдаж байна.

Арилжааны банкууд 2013 оны 10 сарын байдлаар  77.9 тэрбум төгрөгийн зээлийг 0.67 - 2.3 хувийн хүүтэй олгосон бөгөөд зээлийн хүүгийн доод түвшин өнгөрсөн оны мөн үеэс 0.09  хувиар өссөн дүнтэй байна. Мөн Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг 84 иргэнд олгож, энэ зээлд нийт 3.4 тэрбум төгрөгийг олгоод байна.

            2013 онд  Худалдан авах алба шинээр 4 орон тоотой байгуулагдаж аймгийн хэмжээний бүх төрийн болон орон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажлыг гүйцэтгэж байна. 2013 оны 5-р сарын 24-26-ны өдрүүдэд ЗГ–ын худалдан авах ажиллагааны А3 сертификатын сургалтыг 76 хүнд зохион  байгуулж 33 иргэн тэнцэж орон нутагт тендерийн үнэлгээ хийх иргэдийн тоог нэмэгдүүллээ.

Мэрси кор ОУБ-тай хамтран “Иргэдийн оролцоо” хэлэлцүүлгийг аймгийн төр, иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд болон Улиастай, Тосонцэнгэл сумын иргэдийн төлөөлөлд, “Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг сурталчлах өдөрлөг”-ийг Тосонцэнгэл, Их-Уул суманд, Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах телевизийн “ТВ-форум”-ыг Улиастай суманд зохион байгууллаа. Худалдан авах ажиллагааны албаны вэб сайтыг шинээр хийлгэж, худалдан авах ажиллагааны зар, тендер шалгаруулалтын үр дүн, бусад мэдээллийг байршуулахын зэрэгцээ аймгийн цахим сайтад тогтмол байршуулж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалт, худалдан авах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, холбогдох журмын дагуу явуулах тухай   сургалтыг  “Тогтвортой амьжиргаа” төслийн нэгжтэй хамтран 24 сумд зохион байгууллаа.

Бүх шатны төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох зорилгоор байгууллагын санхүүгийн тайлан, худалдан авах ажиллагааны зар, үр дүнгийн талаарх мэдээллийг аймгийн www.zavkhan.gov.mn цахим хаягт тогтмол байршуулж байна. Мөн байгууллагын “Ил тод байдлын самбар”-т мэдээллийг байршуулж иргэдэд мэдээлэх ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд 8 даатгалын компани үйл ажиллагаагаа явуулж байна. Даатгалын төлөөлөгчийн эрх олгох шалгалтанд 160 иргэн хамрагдснаас 128 иргэн тэнцэж даатгалын төлөөлөгчийн эрхтэй болсон байна. Даатгалын үйл ажиллагаанд 10-р сарын байдлаар 16535 иргэнийг хамруулж, хураамжийн орлого 146103.9  мян төгрөгт хүрч,  нөхөн төлбөрт 23821.7 мян төгрөгийг олгосон ба Даатгалд хамрагдсан иргэдийн тоо өмнөх оноос 13 хувиар өссөн байна.

Хоёр:  Нийгмийн бодлогын хүрээнд

Хүн амын эрүүл мэндийг дэмжих, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, олон нийтэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн  мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулах, хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор эмчилгээ үйлчилгээний стандарт шаардлага хангасан зориулалтын барилга байгууламж, техник тоног төхөөрөмжөөр хангах, хүн амын нийтийн биеийн тамир, бүх нийтийн спортоор хичээллэх орчин бүрдүүлж , аймаг,  бүс, улсын  спортын уралдаан тэмцээнд бэлтгэх, зохион байгуулах, оролцох оролцоог нэмэгдүүлэх, боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлэн, багш удирдах ажилтны мэргэжлийн чадавхийг дээшлүүлж  сургалтын чанарыг ахиулах, соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмж, чанарыг  дээшлүүлж,  уран бүтээлчдийн ур чадварыг  ахиулах, иргэдийн сайн сайхны төлөө төрөөс үзүүлж буй халамж, даатгалын үйлчилгээг иргэн бүрт хүргэж тэдний эрх ашгийг хамгаалах зорилтын дор ажиллаж байна.

Эрүүл мэнд:

Аймаг, сум, өрхийн эмнэлгийн эрхлэгч эмч, удирдах албан тушаалтнуудыг улс, бүс, орон нутагт зохион байгуулагдаж буй холбогдох сургалт семинарт цаг хугацаанд нь хамруулсан бөгөөд  "Сумын эрүүл мэндийн төвийн суурь шинэчлэл" улсын чуулганд сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нарыг, "Эрүүл мэндийн Эрс шинэчлэл" зөвлөгөөн, "Эрүүл мэндийн байгууллагуудын эмч ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах" сургалтад Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг, Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн дарга нар хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлсэн байна. Шинээр төгсөж байгаа төгсөгчдийг орон нутагт ажиллуулах, нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх хүрээнд шинээр төгссөн 14 оюутныг 9 сумын Эрүүл мэндийн төвд ажиллуулж, их эмч, сувилагч, бага эмч, статистикч эмч, эм зүйч нийт 20 гаруй албан хаагчийг мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтуудад хамруулаад байна.

2013 оны  эхний 10 сарын байдлаар 1297 эх төрж, 1308 хүүхэд мэндэлж, ихэр төрөлтийн 16 тохиолдол , амьгүй төрөлтийн 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Хүн амын төрөлтийн түвшин урьд оны мөн үетэй харьцуулахад 1000 хүн амд 18.51  байгаа бөгөөд  0-1 насны  хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөнд 19.11 промиль болж, эхийн эндэгдэл гараагүй, нялхасын эндэгдэл өнгөрсөн оны мөн үеэс  3.38 промилоор буурсан байна.

“Тархины саатай хүүхдийн сэргээн засах эмчилгээ” сургалтанд “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн  зохицуулагч,  хүүхдийн эмч, сэргээн засалч эмч нар хамрагдан сургагч багшаар бэлтгэгдэж, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэн нийт 31 хүнд сургалт зохион байгуулж,  0-3 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх сарын аян зарлаж аймгийн хэмжээнд 1240 хүүхдийг үзлэгт хамруулснаас 33 хүүхдэд хөдөлгөөн, хараа, сонсгол, хэл яриа болон танин мэдэхүйн хоцрогдол илэрсэн байна.

Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын аянг зохион байгуулж, бүх сумын эрүүл мэндийн төвүүд ахмад настны судалгаа явуулж, эрүүл мэндийн бүлгээр ангилан харьяалал тогтоож, нийт ахмадуудынхаа 60 хувийг  урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх  ахмадын кабинетын үйл ажиллагааг тогтворжуулж, гериатор эмч, сувилагчийн орон тооны асуудлыг шийдвэрлэлээ.

Тусгай зөвшөөрөлтэй 33 эмийн санд үнэлгээ хийж, Их-Уул сумын Гурван-Эрдэнэ, Тосонцэнгэл сумын Чацаргана, Гал чацаргана эмийн сангуудын байрны нөхцөл шаардлага хангаагүй, Улиастайн сумын Мөнхийн тун, ӨБХБЭ, Идэр, Асгат, Түдэвтэй сумын эмийн эргэлтийн сан нь тусгай зөвшөөрөлгүй, эмийн хангалт хангалтгүй, хадгалалтын горим зөрчсөн байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудын бөөний үнэ, эмийн сангуудын жижиглэнгийн үнэнд судалгаа хийж, зах зээлийн жишиг үнэ гарган түүний дагуу эмийн эргэлтийн санчидтай уулзалт хэлэцүүлэг зохион байгуулж, дагаж мөрдөх шийдвэрийг хүргүүлэн ажиллалаа.

Хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол нь зонхилон тохиолдож буй халдварт болон халдварт бус өвчний шалтгаан болж, эрүүл мэндийн үйл ажиллагаанд иргэд, байгууллага хамт олны оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа хангалтгүй,  эрүүл мэндийг дэмжих орчин бүрдээгүй байна. Малчид болон алслагдсан  өрхийн хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох боломж хязгаарлагдмал, эрүүл мэндийн боловсрол олгодог байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүй, эрүүл мэндийн хичээл заадаг багш нарын эрүүл мэндийн талаарх мэдлэг дутмаг зэрэг бэрхшээлүүд байна.

            Иймээс иргэдийг эрүүл мэндийн тусламж хайх мэдлэгтэй болгоход иргэд, байгууллага, хамт олны оролцоог нэмэгдүүлж, эмч эмнэлгийн ажилтны эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх ур чадварыг сайжруулан эрүүл зан үйлийг төлөвшүүлэн дундаж наслалтыг уртасгах зорилгоор 2013-2016 онуудад хэрэгжүүлэх Завхан аймгийн эрүүл мэндийн салбарын “Эрүүл мэнд-эрс шинэчлэл хөтөлбөр”-ийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

            Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн үйл ажиллагаанд иргэд, байгууллага, хамт олны оролцоо, иргэдийн эрүүл мэндийн тусламж хайх мэдлэгтэй болгож, эрүүл мэндийг дэмжигч байгууллага хамт олны тоог нэмэгдүүлэн эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, эх хүүхдийн эндэгдлийг тогтвортой бууруулахын зэрэгцээ эмч,  эмнэлгийн ажилтны эрүүл мэндийн зөвлөгөө өгөх ур чадварыг дээшлүүлж, эрүүл мэндэд аюулгүй, иргэдийн сэтгэлд нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх ээлтэй орчин  бүрдүүлэх юм.

 “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хүүхдийн шүдний эмчилгээний кабинет шинээр байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Улиастай сумын 1, 4-р сургууль, 1-р цэцэрлэгийн ахлах бүлгийн 6 настай 270 хүүхэд, Улиастай, Тосонцэнгэл сумын ЕБС болон цэцэрлэгийн насны 2220 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 378 хүүхдийг эмчилсэн байна.

             Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/, Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчний  халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар олон нийт болон зорилтод бүлгийн хүн амд мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгуулсаны зэрэгцээ   жирэмсэн эхийг хяналтанд авч ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд бүрэн хамруулж, Бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн 85.4%-ийг хамруулав. Мөн 13 сумын нөхөн үржихүйн насныхан, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, МУИС-ийн Завхан Сургуулийн оюутан нийт 4165 хүнийг үзлэгт хамруулж ДОХ/Тэмбүү илрүүлэх шинжилгээг 3732 хүнд хийж, шинээр илэрсэн болон  давтан эмчилгээ шаардлагтай иргэдийг  хяналтанд авч эмчилсэн байна.

НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын 3 өрхийн эрүүл мэндийн төвд ЭХО аппарат нийлүүлж, Чех улсын Каритас Чех ОУБ-аас 15 сумын 15 багт 52.4 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн нүүдлийн гэр эмнэлэг байгуулж, анхан шатны эмнэлгийн тусламж, эм тариагаар хангав.

 “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудыг цахим сүлжээнд бүрэн холбох ажлыг эхлүүлж Баянтэс, Баянхайрхан, Тэс, Тэлмэн, Идэр, Шилүүстэй, Нөмрөг, Яруу, Тосонцэнгэл, Их-Уул, Цагаанчулуут, Сонгино, Түдэвтэй зэрэг сумдын Эрүүл мэндийн төвүүд G-mobile харилцаа холбооны сүлжээг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг, мэс заслын өрөөг камержуулснаар зөвлөх эмч болон үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн хагалгааны явцыг ажиглах боломтой болоод байна.

Манай аймагт 2014 онд Ерөнхий Сайдын багцаас томографын, дурангийн, сонсголын бичлэг хийх, хэт авиан оношилгооны, доплерын өрөө бүхий Нэгдсэн оношлогооны төв байгуулагдах гэж байгаа бөгөөд тус төвийн засварын зардалд 180,0 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тусгаж, тоног төхөөрөмжүүд нь 2014 оны эхний улирлаас нийлүүлэгдэхээр төлөвлөөд байна.

Нэгдсэн оношлогооны төвд ашиглагдах комьпютер томографийн аппарат, лабораторийн  иж бүрэн тоног төхөөрөмж,  тархины судасны доплерын  аппарат, нүд чих хамар хоолойн багц аппарат, шүдний дэлгэмэл дижитал рентген аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдийг хангах нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагуудыг  сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаагийн зэрэгцээ эдгээр техник тоног төхөөрөмжүүд дээр ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төрийн сангийн санхүүжилтээр мэргэшүүлэх сургалтанд суралцуулж байна.

Биеийн тамир спорт:

Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг чөлөөт бөх, жүдо бөх, сагсан бөмбөг, таеквондо, даам, шатар гэсэн спортын 6-н төрлөөр зохион байгуулж ерөнхий боловсролын сургуулиын 1200 гаруй сурагч, тамирчид оролцсон. Улсын аварга шалгаруулах тэмцээнд 100 буудалт даам, самбо бөх, чөлөөт бөх, хүндийн өргөлт, цанын төрлөөр  оролцож алтан медаль 1, мөнгөн медаль 8, хүрэл медаль 7-г авсан амжилттай оролцов. Ази тивийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, улсын болон аймгийн Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчид, багш дасгалжуулагч, ахмад тамирчин нийт 18 тамирчинд аймгийн Засаг даргын нөөц сангаас 5.0 сая төгрөгийн урамшуулал олгосоны зэрэгцээ  Таекондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан аймгийн Цагдаагийн газрын дэд ахлагч н.Будхүүд тэмцээний зардалд дэмжлэг үзүүлж 1.5 сая төгрөг олголоо.

Насанд хүрэгчдийн дунд “Алтан намар-2013” наадмыг 10-р сарын 02-03-ны өдрүүдэд спортын 6 төрлөөр зохион байгуулж 24 сумын 13 багийн 260 гаруй тамирчид оролцлоо. Мөн аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг Улиастайд 2 үе шаттайгаар, волейболын тэмцээнийг Тосонцэнгэл сумд зохион байгуулж аймгийн аварга багуудыг шалгаруулж шагнаж урамшууллаа.

Аймгийн Засаг даргын дэргэд "Өсвөрийн шигшээ баг"-ийг гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, жүдо, үндэсний бөх, чөлөөт бөх нийт 7 төрлөөр хичээллүүлж, баг тамирчид улс, бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож 2013 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль  авсан амжилттай оролцов.

Аймгийн түүхт ойн өмнө наадмын шинэ стадионыг /баруун бүсийн олимп бэлтгэлийн цогцолбор/ ашиглалтанд оруулж,  баяр наадмын Хурдан морины уралдааныг будлиангүй болгох зорилгоор гараа, барианы тоног төхөөрөмжийг шинэчиллээ.

Улсын дархан  мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит  Үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээнийг   Ш.Даваахүү мэргэний төрсөн нутаг болох Тосонцэнгэл сумд зохион байгуулж уг тэмцээнд улсын алдар цолтой олон  мэргэн харваачид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд аймгийн 90 жилийн ой баярын сурын харвааны тэмцээнд багаараа ирж оролцлоо.

 Монголын тулгар төр, Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил , Тусгаар тогтнол үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 112 жил, Ардын хувьсгалын 92 жил, Улиастай хотын 280 жил, Завхан аймгийн 90 жилийн ойнууд нэгэн зэрэг тохиож, Баруун бүсийн “Отгонтэнгэрийн хурд-2013” даншиг наадам давхацсан өргөн дэлгэр сайхан баяр боллоо. Энэхүү онцгой, түүхэн баяр наадамд 256 хүчит бөх уран мэх, ухаан бодлоо уралдуулан барилдаж, эрлийз болон зургаан насны шандаст хурдан хүлэг уралдаж, 100 гаруй эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж түүчээлэгчдээ тодрууллаа.

Улсын баяр наадамд амжилттай барилдаж найм давж үзүүрлэн Улсын гарьд цол хүртсэн Их-Уул сумын харъяа Б.Гончигдамбад Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 сарын 14-ний өдрийн 97 тоот тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын нөөц сангаас 30 сая төгрөг гарган хүндэтгэл үзүүллээ. 

Боловсрол:

Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийг насанд нь тухайн шатны боловсролд хамруулах арга хэмжээ авч,  2013 оны хичээлийн шинэ жилд 32 цэцэрлэгт сургуулийн өмнөх насны 4463 хүүхэд хамрагдаж хамран сургалт 74 хувьтай байна. Бага боловсролын хамран сургалт 100.0, суурь боловсролын хамран сургалт 99,2 хувьд хүрсэн байна.

Боловсрол шинжлэх ухааны Сайдын 2012 оны 4/51, а/152 тоот тушаалаар батлагдсан "Ном", "Авъяас" хөтөлбөрүүдийн хүрээнд бүх сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн үйл ажиллагааны тайлан болон уран бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд танилцуулж, хүүхэд багачуудыг бага наснаас нь номтой нөхөрлүүлэх шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийн  нэгдсэн тайлан фестивалыг 05-р сард төв талбайд зохион байгууллаа. Тайланд Улиастай сумын 5 сургууль үзэсгэлэн гаргаж, аймгийн бүх сургуулиудын төлөөлөл 1000 гаруй хүүхэд өөрсдийн мэдсэн сурснаа үзүүлж олон нийт, эцэг эх, хүүхдүүдэд үзүүлж сонирхуулав.

Мөн нэрт яруу найрагч  Бэгзийн Явуухулангийн нэрээр нэрлэгдсэн "Явуухулан" тэмдгийн болзол, журмыг боловсруулсан, тэмдгийн загвар гаргах ажил хийгдэж байна.

Хүүхэд бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх, орчныг бүрдүүлэх, ардын уламжлалт соёлыг өвлөсөн зөв хүн болж төлөвшүүлэх зорилготой "Зөв Монгол хүүхэд" аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулсан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулах бэлтгэл хангагдаад байна. 

Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд монгол бичгийн 3 сарын аян зарлаж, ЕБС-иудын 7-р ангийн сурагчдын дунд монгол бичгийн олимпиадыг зохион байгуулж 20 сургуулийн 567 сурагч оролцлоо. Монгол хэл уран зохиолын ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит "Эх хэл"-ний олимпиадыг Идэр суманд зохион байгуулж Архангай, Хөвсгөл, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн 1000 гаруй сурагчид оролцов.

Улсын физикийн 26 дугаар олимпиадыг 4-р сарын 23-27-ны өдрүүдэд Улиастай хотод зохион байгуулж 21 аймаг, 9 дүүргээс 180 гаруй сурагч оролцож Завхан аймгаас оролцогчдоос  1 багш мөнгөн медаль, 1 сурагч мөнгөн медаль, 1 сурагч хүрэл медаль тус тус авсан амжилттай оролцлоо. Уг арга хэмжээнд ОНХС-гаас 36.0 сая төгрөг зарцуулж, улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсон 7 багш, сурагчдад Засаг даргын нөөц хөрөнгөөс 0.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Н.Содномын нэрэмжит математик, физикийн "МФ-2013" олимпиадыг 05-р сарын 10-нд Улиастай суманд зохион байгуулж, физикийн хичээлээр 128, математикийн хичээлээр 222 сурагч оролцож, анги тус бүрээр 1-3-р байр эзлүүллээ. Уг олимпиадыг жил бүр зохион байгуулснаар физик, математикийн хичээлээр суралцах сурагчид нэмэгдэж, сурагчдын улсын олимпиадад үзүүлэх амжилт өмнөх жилүүдээс ахисан байна.

10-р сард "Биологи XXI зуун"сурагчдын эрдэм шинжилгээний 12-р бага хурлыг зохион байгуулж, нийт 36 илтгэл ирүүлснээс эхний сонгон шалгаруулалтаар 10 илтгэлийг дараагийн шатанд шалгаруулсан бөгөөд  энэ арга хэмжээнд  “Дэвшил”, “Жавхлант” цогцолбор сургууль, Дөрвөлжин,  Идэр сумын сургуулиуд багш сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулж эхний байруудад шалгарсан байна.  Эрдэм шинжилгээний зардалд орон нутгийн төсвөөс 1.3 сая төгрөг зарцуулав. Мөн ахмад багш Л.Амгалангийн нэрэмжит "Байгаль эх" олимпиадыг Тосонцэнгэл суманд зохион байгуулж 15 сургуулийн 60 гаруй багш, 596 сурагч оролцсон байна.

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 267-р тогтоол, Хөдөлмөрийн сайдын 2013 оны Б/35 тоот тушаалаар Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн Тосонцэнгэл сум дахь салбарыг бие даасан МСҮТ болгон өргөжүүлж 9 мэргэжлээр 206 иргэн суралцаж байна.    

Дэлхийн банкны  дэмжлэгээр  Баянтэс, Цэцэн-Уул, Завханмандал, Түдэвтэй, Нөмрөг, Баянхайрхан, Ургамал, Тэс, Улиастай сумын I цэцэрлэгт  тус бүрт 1 нийт 18 гэр олгов.

Сумдын албан бус боловсролын арга зүйч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт семинарыг 05-р сарын 13-17 ний өдрүүдэд Дэлхийн Зөн ОУБ, Боловсрол соёлын газар, Насан туршийн боловсролын зайны сургалтын үндэсний төв зэрэг байгууллагуудтай  хамтран зохион байгуулж сумдын албан бус боловсролын 24 багш арга зүйч нар оролцууллаа.  Мөн Адра ОУБ-ын гэр бүлийн боловсрол төслөөс  Их-Уул, Улиастай, Дөрвөлжин, Завханмандал, Идэр, Цэцэн-Уул, Сантмаргаз сумдын "Гэгээрэл хөгжлийн төв"-үүдэд иж бүрэн компьютер, сурагчийн ширээ, сандал, номын шүүгээ сурах бичиг зэрэг 18.0 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг нийлүүллээ.

2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль төгссөн 4400 суралцагчдаас шилдэг тэргүүний 14 хүүхдийг “Шилдэг хүүхэд” медалиар, Улиастай сумын ЕБСургуулиудын төгсөх ангийн шилдэг 28 сурагчдад аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний  хувьд миний бие гарын бэлэг гардууллаа.

Мөн хүүхдийн баярыг тохиолдуулан бүтэн өнчин 94 хүүхдэд 50.0 төгрөг олгож хадгаламжийн дансанд нь хуримтлал үүсгэж, орон нутгийн төсвөөс нийт 4.7 сая төгрөг зарцуулав. Хүүхэд залуучуудын ордонд хичээллэж буй дугуйлангийн багш нарын урамшуулалд аймгийн Засаг даргын нөөц сангаас 8.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Соёл урлаг:

“Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2009 оны 69 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Морин хуур уртын дууг соёл урлагийн салбарын тэргүүлэх чиглэл болгон шаталсан сургалтуудыг зохион байгуулснаар 300 гаруй уртын дуучин, 2500 орчим морин хуурчтай болоод байна. 2013 онд дэлхийд анх удаа 2222 өсвөрийн Морин хуурч тоглуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. Бий биелгээний сургалтыг Ардын язгуур урлагийн Хөгсүү хамтлагтай хамтран зохион байгуулж 30 гаруй биелээч сургаад байна. Одоогийн байдлаар 500 гаруй өв тээгчдийг бүртгэлжүүлээд байна.

Драмын урлагийг хөгжүүлэх зорилгоор СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуульд орон нутгийн захиалгаар суралцаж буй 9 оюутантай сургуулиа төгссөний дараа орон нутагтаа ажиллах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, сургалтын төлбөрийн тодорхой хувийг орон нутгаас санхүүжүүлж энэ онд нийт 5.8 сая төгрөгийг олгоод байна.

 Монгол улсын анхны 4 аймгийн нэг Хантайшир уулын аймгийн гал голомт болох төрөлх Завхан аймгийнхаа түүхт 90 жилийн ойг тохиолдуулан:

-Аймгийнхаа ард түмний амьдралын замнал, засаг захиргааны түүхэн он дарааллыг /Халхын хаант улс байгуулагдсан тэр үеэс эхлүүлэн/  өгүүлсэн  “ЗАВХАН АЙМАГ” түүхэн товчоон он дарааллын бичиг бүтээл

            -Үүл салхи айсуй үзэсгэлэнт номин тэнгэрээ эзэгнэх мөнгөн сүмбэ лугаа хаш цагаан зулайнаасаа сүүн гэгээ цацруулж, өглөө эртийн наранд есөн эрдэнийн өнгөөр мишээх Богд Очирваань хайрхан тэргүүтэй байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн хайрханууд, сүрлэг сайхан уул нурууд, элсэн манхнууд, гол ус, нуур цөөрөм, цэцэг ногоо,жимс жимсгэнэ,  араатан жигүүртэн зэргийг гэрэл зургаар багтаасан  “БУРХАДЫН ОРНЫ ҮЛЭМЖИЙН САЙХНААР АЯЛАХУЙ” нэртэй гэрэл зургийн цомог,

-Аймгийнхаа иргэд, газар зүйтэй холбогдолтой 4000 нэгж мэдээлэлийг багтаасан   Британикка нэвтэрхий толийн загдараар бүтээсэн Завхан аймгийн нэвтэрхий толь 2 ботийг   аймгуудаас анх удаа  дэлхийн толийн  стандартаар,  

- Завхан нутгийн байгалийн үзэсгэлэнг сум бүрээр дэлгэн харуулсан "Отгонтэнгэрийн орноор" баримтат кино

- Аймгийнхаа  байгаль, түүх, нийгэм соёлын тухай “Тэнгэрлэг мэргэдийн өлгий нутаг” баримтат кино,  “Завхан аймгийн түүх”, “Улиастай хотын түүх”, “Богд Очирвааний  физикчид”  зэрэг түүх, соёлын оюуны үнэт бүтээлүүдийг уран бүтээлчид болон зарим байгууллагын дэмжлэгтэйгээр бүтээж олны хүртээл болголоо.

Мөн Монгол түмний оройн дээд шүтээн Очирваань бурхны утга учрыг таниулах “Очирваань бурхны номын чуулган бүтээлийг 21000 хувь хэвлүүлж аймгийнхаа өрх бүрт ойн бэлэг болгон барилаа.

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн нэрэмжит "Эгшиглэнт үдэш" яруу найргийн цэнгүүнийг зохион байгуулж, энэ үеэр Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн нэрэмжит яруу найргийн наадмыг 2 насны ангиллаар зохион байгуулж 42 яруу найрагч оролцож, ангилал бүрт эхний 5 байрыг эзлүүлэн шагнаж урамшуулав.

Яруу найрагч Б.Лхагвасүрэн, шог зохиолч Цэрэнжамц, соёлын гавьат зүтгэлтэн П.Батсайхан нарын уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулав.

Монгол улсын гавьяат жүжигчин дуучин н.Далантайн нэрэмжит дуучдын тэмцээнийг нийтийн, ардын , уртын дууны төрлөөр Тосонцэнгэл сумд зохион байгуулж уг арга хэмжээнд Завхан, Хөвсгөл, Архангай аймгуудын 30 гаруй уран  сайханчид оролцсон байна.

Аймгийн шинэ бэлэг тэмдэг лого 6000 ширхэг, аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн  медаль 12000 ширхгийг хэвлүүлж, баяр наадамд урилгаар ирсэн зочид, аймаг, орон нутагт ажиллаж амьдарч байсан ахмад настан болон зарим иргэдийг шагнаж урамшууллаа.  Аймаг, орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан болон хөдөлмөр бүтээлээрээ аймаг орныхоо нэрийг дуурсгаж яваа 50 иргэнд “Аймгийн хүндэт иргэн” цол тэмдэгийг  олгоод байна.

Баяр наадмын нээлтийн арга хэмжээнд 2222 морин хуурч, 90 уртын дуучин, 280 хүүхдийн бие биелгээ, 60 хүүхдийн бадамлянхуа уран нугаралтын цогц үзүүлбэр, 180 хүнийг оролцуулсан төрийн  сүлд дууны найрал, 90 хүүхдийн цацал, 90 хүүхдийн бандид зоогийн үзүүлбэр зэрэг төрийн ёслол хүндэтгэлийн бэлэгдлийг шингээсэн урлагийн тоглолтуудыг зохион байгуулж, Монгол улсын Ерөнхий сайд Жалханз хутагт Содномын Дамдинбазарын нэрэмжит Цэцэрлэгт хүрээлэн, Монгол улсын аварга Санжмятавын Шагжын хөшөө болон, Доной баяны гэрэлт хөшөө цогцолбор, эд таваар элбэг дэлбэг байхын бэлэгдэл “Замбалгарав” бурхныг тус тус  бүтээн байгууллаа.

Аймгийн 90 жилийн ойн баярын хүрээнд  Улиастай хотод "Зол жаргалын Завхан нутаг-90" үзэсгэлэн, "Ном дор мөргөмү" номын үзэсгэлэн, "Өв эрдэнэ" үнэт эдлэл, гар урлалын үзэсгэлэн, "Түүхийн хүрд" архив, гэрэл зургийн үзэсгэлэн, Хөгжим бүжгийн оюутнууд, нутгийн зураачдын хамтарсан  “Орон зай” үзэсэлэнг тус тус гаргаж, "Очирвааны аялгуу хүндэтгэлийн концерт", “Этүгэнээр хөглөгдсөн аялгуу” урлагийн алдартнуудын тоглолт, “Авъяаслаг хүүхдийн тоглолт”, “Хүлгийн төвөргөөн” урлагийн тоглолт, “Учралын үдэш” шоу цэнгүүнийг  ард олондоо толилуулсаны зэрэгцээ Монголын төр, шашны уламжлалт цамын бүжгийг сэргээн дэглэж олны хүртээл болгох зорилгоор 21 цамын иж бүрэн баг бүтээж, дэгийг сэргээн тавьлаа.

Аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоор нээлтийг нь хийж 100 жилийн ойгоор ашиглалтанд оруулах Монголын шашин соёлын “Отгонтэнгэр” цогцолборын шавыг Соёлын сайд Оюунгэрэлийг оролцуулан тавьж нээлтийг хийлээ. Ингэснээр ирэх он жилүүдийн хөгжлийн томоохон ажлын нэг нь энэхүү “Отгонтэнгэр” цогцолбор байх юм.

Монголын шашин соёлын "Соёмбо II их наадам"-ыг 07-р сарын 30-31-ний өдрүүдэд Улиастай хотод зохион байгуулж, Очирваань бурхныг зээгт наамлаар бүтээн залж  Монгол, Тува, Буриад, Халимаг улсын олон  лам хуваргууд  оролцлоо. Наадмын хүрээнд үндсэн болон бэсрэг төрлөөр тэмцээн уралдаан явагдаж наадамд оролцогчид оюун ухаанаа уралдуулж, ном хаялцсан бөгөөд  энэхүү  наадмын үйл ажиллагаанд 50.0 сая төгрөг зарцуулсан. Энэ арга хэмжээг аймаг орон нутагтаа зохион байгуулсан нь бурхан шашны гүн ухааны утга учрыг сүсэгтэн олонд таниулах, бие сэтгэлийн зөв хүмүүжлийг эзэмшүүлэх нутаг усныхаа түмэн олны зам мөр, заяа буяныг засах, амьдрах итгэл бахархалыг өдөөхөд үнэтэй хувь нэмэр болсон  гэж үзэж байна.

Аймаг байгуулагдсаны 90 жил, Улиастай хот үүсч хөгжсөний 280 жилийн ойг угтаж төрийн байгууллага, хувийн хэвшил, аж ахуй нэгж бүр "9 бүтээлч ажил"  аяныг өрнүүлж, идэвхи санаачлагатай ажиллаж, нийт 1000 гаруй бүтээлч үйл ажиллагаанд 450,0 сая гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ ажлын хүрээнд барилга байгууламжийн гадна талын орчинг тохижуулах, засвар үйлчилгээ, цэцэрлэгжүүлэлт хийж өнгө үзэмжийг сайжруулахаас гадна нийтийг хамарсан хог цэвэрлэх, гол ус, булаг шанд хамгаалах хашаа хороо, худаг, зам засварлах зэрэг бодиттой бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Төрөлх аймгийнхаа 90 жилийн ойг тэмдэглэх ажилд нийт сум байгууллага ард иргэд, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот дахь аймаг сумын нутгийн зөвлөлүүд, уугуул иргэд эрвийх дэрвийхээрээ хичээн оролцож,  хамтын хүчээр,  олон нийтийн үнэлгээний өндөр түвшинд зохион байгууллаа. Ойн баярын зохион байгуулалт, үзвэр, үйлчилгээ, дэг журам, хөрөнгө санхүүгийн нөөц сайн байсныг онцолж  байна. Гар, сэтгэл нийлж оролцсон  сум байгууллагын удирдлага, нутгийн зөвлөлүүдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Хөдөлмөр халамж, даатгал:

2013-12-05 11:40:05