Жил бүрийн 12-р сарын 03-ныг дэлхий нийтээрээ “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг дэвшүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагатай болгох, тэдний эрхийг хангахад чиглэгддэг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьдог бөгөөд жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Монгол улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, сурч хөгжих эрхийг хангах талаар олон хууль тогтоомж, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал:
2013 оны 05-р сарын 03-нд “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого шинэчлэл” чуулганыг зохион байгуулж зөвлөмж гарган мөрдөж байна.
2013 оны 08-р сарын 02-нд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-н конвенцийг хэрэгжүүлэх 2013-2016 оны арга хэмжээний төлөвлөгөөг “ Монгол Улсын Засгын газрыг 281 тоот тогтоолоор батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан НХҮХ-ээс уулзалт арга хэмжээг Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулжээ.
Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлүүд оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал хүсэлтийг сонсож асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх гарцыг нь нээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хийсэн ажлын үр дүнгээ тайлагнасан юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргасан байлаа.
Эдгээр үйл ажиллагааны дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан зохион байгуулсан тэмцээнд амжилт гаргасан хүмүүстээ шагналыг нь гардуулж, авъяаслаг бяцхан хүүхдүүдийн тоглолтоор өндөрлөлөө.