Завхан аймгаас 2013 оны I, II ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд тэнцэж хугацаат цэргийн алба хааж байгаа цэрэг дайчдаа эргэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн цэрэг эргэх ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч Б.Нямдорж ажилласан бөгөөд бүрэлдэхүүнд нь ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Н.Гантулга, Нөхөн хангалт тоо бүртгэл эрхэлсэн офицер дэд хурандаа Ц.Нацагдарж, орон нутгийн хамгаалалт, сургалт хариуцсан офицер ахмад Г.Бавуудорж, Шинэ Завхан телевизын захирал Ж.Ганбат, Хөгжимт жүжгийн театрын найрал дууны багш Ц.Нэргүй, дуучин А.Оюунтөгс нар багтсан байна.
Завхан аймгаас цэргийн алба хааж байгаа цэрэг Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиудад алба хааж байгаа бөгөөд цэрэг эргэх ажиллагаанд 300-гаад цэрэг дайчид хамрагдлаа. Цэрэг эргэх ажлын хэсгийнхэн очсон анги салбар бүртээ уулзалт зохион байгуулж, цэрэг эрсийнхээ ахуй амьдралтай танилцаж, тэдний санаа бодлыг сонсохын зэрэгцээ аймаг орон нутгийн тухай сүүлийн үеийн мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн аймгийн Засаг даргын мэндчилгээг уламжлан, цэрэг бүрт гарын бэлэг гардууллаа. Мөн сум орон нутгийн удирдлага, ар гэрээс нь ирүүлсэн мэндчилгээ, захиа, гарын бэлгийг ч дамжуулсан байна. Энэ үеэр аймгийн ХЖТ-ийн уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулсан нь цэргүүдийн сэтгэл санааг өргөсөн ихээхэн чухал арга хэмжээ болж байгааг онцлоод орон нутгийн удирдлага, анги байгууллагын захирагч, бие бүрэлдэхүүний зүгээс талархалтайгаар хүлээн авлаа.
Цэрэг дайчид өөрийн алба хааж байгаа ангийн онцлогоос хамаарч их зүйл сурч мэдэж байгаагаа хэлж байлаа. Тухайлбал Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хааж байгаа цэргүүд албаа хаахынхаа зэрэгцээ барилга, зам гүүрийн чиглэлээр тусгай мэргэжил эзэмшин халагдаж байгаа нь тухайн цэргийн ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм. Тус ангийн бие бүрэлдэхүүн энэ онд Асгатын мөнгөний ордны чиглэлд зам гүүрийн бүтээн байгуулалтад оролцож улс орны хөгжил дэвшилд нэмэр болохуйц томоохон ажлыг хийж гүйцэтгэжээ.
Манай цэргүүдийн ахуй амьдрал, сэтгэл санаа өөдрөг, эх орноо хамгаалах иргэний үүргээ биелүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байсан юм. Цэрэг эргэх энэхүү арга хэмжээ нь иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, алба хааж байгаа цэргүүдэд эх орноо батлан хамгаалах, өргөсөн тангарагтаа үнэнч байж шаардлагатай үед ямар ч үүргийг биелүүлэх мэдлэг чадвар, сэтгэл зүйг суулгахад түлхэц болсон ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.