Улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөрийн тайлангийн хурал боллоо
761 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сангийн Хамтын ажиллагааны 5 дахь хөтөлбөрийн  2013 оны тайлангийн хурал өнөөдөр Нутгийн удирдлагын ордны Их танхимд боллоо. Эмзэг бүлгийн хүмүүст илүү анхаарах, нөхөн үржихүйн эрхийг чухалчилж бодлого хөтөлбөрт тусгах, хүн амын мэдээллийн бодлого хөтөлбөр боловсруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд ашиглах байдлыг эрчимжүүлэх, Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, бодлогын түвшинд техник арга зүйн дэмжлэг үзүүлэх нь хөтөлбөрийн онцлог юм. Тус хөтөлбөрийн хүрээнд: 1.Төв ба орон нутгийн засаг захиргааны түвшинд нотолгоонд тулгуурласан төсөв, төлөвлөгөө боловсруулах, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхи дээшилсэн байна. 2.Бэлгийн  болон НҮЭМ-ийн чанартай үйлчилгээг нэн ялангуяа эмзэг бүлгийнхэнд тэгш хүртээмжтэй болгож, хэрэглээг нэмэгдүүлнэ. 3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж, жендэрийн асуудлыг бодлого, хөтөлбөрт тусгах чадавхи сайжирсан байна гэсэн 3 зорилт тавьсан нь нэлээд үр дүнгээ өгч байгаа юм.

Хөтөлбөрийн зорилт, үр дүнгийн хүрээнд энэ онд гарсан ахиц, сургамж бэрхшээлд үндэслэж 2014 оны стратегийн чиглэлүүдийг хэлэлцэх зорилго бүхий энэхүү хурлыг Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал нээж үг хэллээ. Хуралд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, 3 их дээд сургууль, Улиастай сумын 5 ерөнхий боловсролын сургуулиудын захирал, загвар 5 сумын Засаг дарга, Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн дарга зэрэг 60 орчим хүн оролцлоо.

“Улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн ЗДТГ-аас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн, цаашдын чиг хандлага” сэдвээр ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд илтгэл тавьсан бол тус хөтөлбөрийн товч танилцуулгыг НҮБ-ийн ХАС-ийн зохицуулагч Д.Бадамсүрэн хийсэн юм. Мөн “Хүн ам ба хөгжил бүрэлдэхүүн хэсгийн 2013 оны тайлан, нотолгоонд суурилсан тоон мэдээлэл яагаад чухал вэ, Тоон мэдээллүүдийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ”, “НҮЭМ-ийн бүрэлдэхүүн хэсгийн 2013 оны тайлан, цаашид эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулахад авч хэрэгжүүлэх ажлын чиг хандлага”, “Жендэрийн бүрэлдэхүүн хэсгийн 2013 оны тайлан, цаашид хийх ажлын чиг хандлага”, “Залуучуудын бүрэлдэхүүн хэсгийн 2013 оны тайлан, ЗХТ-ын цаашдын чиг хандлага”, “НҮЭМ-ийн загвар болох сумдын хүрээнд хийж буй ажлын товч танилцуулга, загвар сум болоход шийдвэр гаргагч нарын үүрэг оролцоо”, “Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хяналт үнэлгээ, хяналт үнэлгээний үр дүнг хэрхэн сайжруулах, цаашид анхаарах зүйлс” сэдвээр холбогдох хүмүүс тус тус мэдээлэл хийлээ.

Завхан аймагт энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эхийн эндэгдэл эрс буурсан, НҮЭМ-ийн зарим үзүүлэлт сайжирсан, эх барих эмэгтэйчүүд болон нярайн нэн шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан, эх барих эмэгтэйчүүд, нярай, мэс засал, эс судлалын салбарын эмч нар интернэтийн сүлжээг ашиглан зөвлөх эмч нараас оношлогоо эмчилгээний талаар зөвлөгөө авах бүрэн боломтой болсон, аймгийн эдийн засаг нийгмийн тоон мэдээллийг 20 салбарын 427 үзүүлэлтээр 46.000 мэдээллийг санг бүрдүүлсэн зэрэг олон томоохон үр дүнд хүрээд байгаа юм. Харин одоогоор нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хангалт дутмаг, бүтэц орон тоо оновчтой бус, эх хүүхдийн хяналтын чанар хангалтгүй, нүүдлийн амьдралд тохирсон тусламж үзүүлэх хяналт үнэлгээний систем байдаггүй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, хүндрэлтэй төрөлтийн эзлэх хувь улсын дунджаас өндөр байгаа зэрэг хүндрэл бэрхшээлтэй, тулгамдаж буй асуудал багагүй байгааг ч мөн дурьдаж байлаа.

Ийнхүү НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөрийн тайлангийн хурал амжилттай болж өндөрлөсөн бөгөөд цаашид хөтөлбөрийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, илүү үр дүнд хүрэхийн төлөө  хамтран ажиллана гэдгээ хуралд оролцогчид хэллээ.

2013-12-13 18:19:02