Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ Үндэсний лаборатори сургуулийн С.Должинсүрэн багштай 5-А ангийн хамт олон “Хүн-нийгэм” хичээлийн “Орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай танилцах нь” бүлэг сэдвийн хүрээнд аймгийн удирдлагууд болоод зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Тус хамт олон хамгийн түрүүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргалтай уулзаж санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлуудаа илэрхийлсэн юм. Харин ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож, өөрийн байгууллага болоод бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч чөлөөтэй ярилцсаны дараа хүүхэд бүрт аймгийн хос тэмдэг, гарын бэлгийг гардууллаа.
Түүнчлэн сурагчид аймгийн орлогч дарга Б.Нямдорж, Боловсролын газрын дарга Д.Одгэрэл нарын өрөөгөөр зочилж мөн л өөрсдийн дуу хоолойгой илэрхийлж халуун дулаан яриа өрнүүллээ.
Харин төрийн байгууллагуудаас Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Аудитын газар, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.