Монголын тулгар төр, Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жил, Улиастай хотын 280 жил, Завхан аймгийн 90 жилийн ойнууд нэгэн зэрэг тохиож, Баруун бүсийн “Отгонтэнгэрийн хурд-2013” даншиг наадам, Монголын шашин соёлын “Соёмбо” их наадам давхацсан өргөн дэлгэр сайхан баяр боллоо. Зүлэг ногоон дэвжээтэй, 5000 хүний суудалтай будаг нь ханхалсан шинэхэн Цэнгэлдэх хүрээлэндээ баярын нээлт үзэхээр тухлан суусан наадамчин олны сэтгэл нар хур тэгширсэн наадмын өглөө шигээ гэрэлтэж байсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд 2222 морин хуурч нэгэн зэрэг хуурдаж, 4000 орчим уран бүтээлчид урлагийн гайхамшгийг мэдрүүлсэнд хол ойроос хүлгийн жолоо залан ирсэн олон хүний сэтгэл огшиж, баярын нулимс унагаж байлаа.
Аймгийн түүхт ойн баяр наадамд 256 хүчит бөх уран мэх, ухаан бодлоо уралдуулан барилдаж, эрлийз болон зургаан насны шандаст хурдан хүлэг уралдаж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж түүчээлэгчдээ тодрууллаа. Үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой болон залуу бөхчүүд барилдсанаас Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын отгон гарьд Батнасангийн Гончигдамба түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын залуу харцага Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ. Харин үндэсний сурын харваанд Завхан, Орхон, Увс, Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгууд болон Улаанбаатар хотоос Завхан нутгийн 90 жилийн ойг зорин ирсэн нийт 100 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсон юм.
Завхан аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Бурхан Шашинтны Төв “Гандан Тэгчэнлин” хийд, Завхан аймгийн Бурхан шашинтны төв “Төгс Буят Жавхлант” хийд, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот дахь нутгийн зөвлөл хамтран Монголын бурханы шашин, соёлын Соёмбо хоёрдугаар их наадмыг амжилттай зохион байгууллаа. Наадмын үйл ажиллагааг нээж Тэргүүн хамба, гавж Ч.Чойжамц, Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив болон бусад албаны хүмүүс үг хэлсэн юм. “Зуун лангийн жороо луус” дууг 90 уртын дууч дуулж, 108 морин хуурын аялгуу эгшиглэж, цамын бүжиг бүжиж, уламжлалт тэмцээн, уралдаан, Чойрын номын хэлэлцээн зэргийг зохион байгуулж сүсэгтэн олны сэтгэлийг баясгалаа.
Үндэсний хөгжлийн цогц бодлого, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлуудын нэг болох Завхан аймгийн Тэс сумын Тэсийн голын төмөр бетон гүүр ашиглалтанд орлоо. Улсын төсвийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд ороод буй 241,6 метр урт, 8 метрийн өргөнтэй, 240 метр, 800 метр далангийн урттай энэхүү гүүр нь Олон улсын гуравдугаар зэрэглэлийн чанартай гүүр юм. Хойд талаараа Оросын Холбооны Улсын Тыва улстай Тэс сумын “Арц суурь” боомтоор хиллэдэг Завхан аймгийн хувьд энэ гүүр ашиглалтанд орсноор худалдаа, эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм.
80 гаруй жилийн түүхийн шаргал хуудсыг элээсэн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон өвлийн эхэн сарын билэгт сайн өдөр эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлст томоохон хөрөнгө оруулалт болсон 50 ортой шинэ “Амаржих газар”-аа хүлээн авлаа. Ийнхүү Завхан аймагт орчин үеийн шаардлагад нийцсэн төрөх эмнэлэг ашиглалтанд орсон нь орон нутагт Эх нялхсын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй эмч ажиллагсадын ажиллах таатай орчин нөхцөл бүрдэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Монгол улсын 90 жилийн түүхийг бичилцсэн Завхан аймагт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй хийж байна. Тухайлбал “Завхан АЗЗА” ХХК Улиастай хот дахь хатуу хучилттай 1.2 км замын ажлыг хийлээ. Шинэ тавигдсан авто замууд нь явган хүний зам, цахилгааны зарцуулалт багатай орчин үеийн LED гэрэлтүүлэгтэй юм. Мөн “Хотгор зам” ХХК Улиастай-Донойн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх 29.5 км хатуу хучилттай авто замын ажлыг хүлээлгэж өглөө. Харин “Хурдны зам”, “Тэнгэр уул” зэрэг компаниуд Архангай-Тосонцэнгэл, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 200-аад км замын ажлыг хийж байна.
Аймгийн хэмжээнд шинэ цэцэрлэг, сургуулийн барилгууд ашиглалтанд орж Ерөнхий боловсролын сургуулийн болон Сургуулийн өмнөх боловсролын орчин сайжирлаа. Тухайлбал: 2013 онд Тосонцэнгэл сумд 640, Нөмрөг сумд 320, Тэс сумд 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр ашиглалтанд орж, Их-Уул, Ургамал, Улиастай сумд тус тус 100 хүүхдийн ортой, Идэр сумд 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн байртай боллоо.