Сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах гарцыг судалж байна
718 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Уламжлалт сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед Завхан аймагт бензин шатахууны үнэ 20-40 төгрөгөөр нэмэгдсэний улмаас хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа тухай мэдээллийн мөрөөр Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, ЗДТГ-ын Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн М.Саранчимэг, Улиастай сумын орлогч дарга Ч.Батсүх, Улиастай сумын ЗДТГ-ын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан түшмэл, хяналтын улсын байцаагч Ө.Наранцэцэг нар бодит байдалтай танилцлаа.

Баруун бүсийн худалдааны төв, Баянбүрд худалдааны төв, Оргил супермаркет зэрэг томоохон үйлчилгээний газруудаар ороход валютын ханш өссөний улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 орчим хувиар буурсан нь худалдаа эрхлэгчдийн хувьд ч хүндрэлтэй байгааг хэлж байлаа.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ийнхүү нэмэгдсэн нь цалин тэтгэвэр нэмэгдээгүй байгаа ард иргэдийн амьдралд нэлээд хүнд тусч, худалдан авах чадвар муудсаар байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Баруун бүсийн худалдааны төвд будаа 1 кг-2000 төгрөг, элсэн чихэр 1600 төгрөг, харин гурил кг тутамд 50 төгрөгөөр нэмэгдэж цесна гурил 1 кг-1700 төгрөг, Алтан тариан 1-р гурил 1100 төгрөг, дээд нь 1400 төгрөг, өндөг 1ш-450 төгрөг, ургамлын тос-2800 төгрөг, чацаргана 1 кг-3500 төгрөг, ааруул 1 кг-8.000-12.000 төгрөг, зөөхий 1 кг нь 7.000-12.000 төгрөг, ээзгий 5000 төгрөг, сарлагийн сүү 1 л-2000, монголын сүү 1 л-1800 төгрөг, байцаа 1 кг-1500 төгрөг, төмс 1 кг-700 төгрөг, лууван манжин 1 кг-1500 төгрөг, хятад сонгино 1500 төгрөг, зэрлэг сонгино 1 кг-4000 төгрөг, тува сармис 1 кг-10.000 төгрөг, хонины мах ястай 1 кг-6500, ясгүй 1 кг-7500 төгрөг, ямааны мах ястай 1 кг-5000, ясгүй 1 кг 6000 төгрөг, үхрийн мах ястай 1 кг-8000, ясгүй 1 кг-8500 төгрөг, адууны махыг 1 кг-6000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Харин оо, саван, вок зэрэг ахуйн өргөн хэрэглээний барааны үнэ энэ намраас хойш 5 удаа нэмэгджээ.

Хамгийн гол нь энэ үнийн өсөлт иргэдийн амьдрал ахуйд хүнд цохилт болж байгаа учраас аймгийн удирдлагуудын зүгээс цагаан сарын үеэр хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх гарцыг судалж байна. Тухайлбал задгай талбайд сар шинийн баярт зориулсан чөлөөт үнэ бүхий өргөтгөсөн худалдаа зохион байгуулах саналыг худалдаачид дэмжиж байлаа. Ингэснээр түрээсийн үнэ төлөхгүй учраас бараагаа хямдруулах, түүнчлэн ард иргэд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээ чөлөөт үнийн сонголтоор худалдан авах боломж бүрдэх юм.

2014-01-14 10:25:14