Аймгийн эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн эцсийн тайланг тавилаа
739 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнгөрсөн 2013 онд Хантайшир уулын аймгийн гал голомт Завхан аймгийн түүхт 90 жил, эртний түүхт Улиастай хотын 280 жилийн ой  тохиож, оюуны болон бодит салбаруудад олон бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн, ололт амжилтаар дүүрэн жил болсон билээ. Өөрөөр хэлбэл хийж бүтээсэн ажлаа нүүр бардам ард түмэндээ тайлагнах өрнүүн их ажил ундарсан, үр өгөөж арвинтай он жил байлаа.

 Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн богино хугацааны бодлогын баримт бичиг буюу “2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэл”-ийг боловсруулж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2012 оны 02-р хуралдаанаар батлуулснаас хойшхи 1 жилийн хугацаанд шинээр санаачилсан, хийж хэрэгжүүлсэн, зохион байгуулсан ажлын тайланг 2014 оны 01 сарын 15-16-ний өдрүүдэд аймгийн удирдлагууд Төрийн албан хаагчдад тавилаа.

Тайлангийн эхний  өдөр боловсрол соёлын байгууллагууд, хоёр дахь өдөр бусад байгууллагуудын төрийн албан хаагчдад аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал Санхүү эдийн засгийн бодлого, Нийгмийн бодлого, Хөгжлийн бодлого, Хууль эрх зүй, төрийн гэсэн 4 бодлогын хүрээнд илтгэлийг танилцууллаа.

Мөн энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн зорилго, тус зөвлөлөөс 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан,  цаашдын зорилтын талаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Мөнхзаяа мэдээлэл хийлээ.

Илтгэлийн дараа төрийн албан хаагчид санал хүсэлт, асуулт тавьж аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нар холбогдох хариулт, тайлбар мэдээллийг өглөө. Төрийн албан хаагчдын зүгээс ирэх онд албан хаагчдын нийгмийн асуудалд хэрхэн анхаарах вэ, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд хяналт тавих боломж байна уу,  гэрэлтгүүлгийн ажлыг үргэлжлүүлэх эсэх, Өлзийт багийн дэд бүтцийг сайжруулмаар байна, гэр хороололд утаагүй зуух оруулж ирэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна, 36 айл зэрэг орон сууцнуудад засвар хийх шаардлагатай, төсвийн ил тод байдлыг хэрхэн хангаж байна вэ, аймгийн Засаг даргын 2 орлогчийн ажил үүргийн хуваарь юу вэ гэх мэтчилэн салбар бүрийн олон асуултыг тавьж тодорхой хариултуудаа авлаа.

Түүнчлэн Аймгийн эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн энэхүү жилийн эцсийн тайланг 2 дугаар сарын 10-аас эхлэн бүх сум болон Улиастай сумын багууд дээр тавихаар төлөвлөж байна.

Дашрамд дурьдахад 2013, 2014 оны Үндсэн чиглэлийг аймгийн албан ёсны вэб сайт болох Zavkhan.gov.mn сайтын Нийгэм эдийн засаг-Хөгжлийн хэтийн төлөв-Үндсэн чиглэл цэснээс бүрэн эхээр нь үзэх боломжтой.

2014-01-17 14:42:03