Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн боллоо
824 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Хилийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигаар батлагдсан “Иргэдийг хил хамгаалалтад оролцуулах журам”-ыг хэрэгжүүлж, хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилго бүхий зөвлөгөөнийг өнөөдөр Нутгийн удирдлагын ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөнд хилийн цэргийн 0277-р ангийн захирагч, хурандаа Д.Нямсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга, ХХТХЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Гантулга, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Завхан аймаг дахь Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Ч.Пүрэвдорж, ОБХ-ийн орлогч дарга Б.Ядамжав, ЭМГ-ийн дарга Ч.Дэмчигсүрэн, Хилийн 0277-р ангийн тагнуулын албаны дарга, хошууч Б.Батхүү, хилийн 0277-р ангийн хилийн албаны дарга, ахмад Ч.Мягмарсүрэн, Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Завхан салбарын захирал Б.Буяндалай зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-ын дарга, ХХТХЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нээн үг хэлж, зөвлөлийн 2013 оны ажлыг товч тайлагналаа. Монгол Улсын хилийн тухай хууль, төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 149 тоот зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймгийн засаг даргын захирамжаар батлагдсан орон тооны бус аймгийн ХХТХ-ний зөвлөл 22 гишүүнтэйгээр, салбар зөвлөлийг Тэс суманд 8 гишүүн, Баянтэс суманд 9 гишүүнтэйгээр тус тус байгуулж үйл ажиллагаа явуулсан байна. Хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн хурлыг Тэс, Баянтэс суманд  зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан,  Хилчид иргэдийн хамтын үйл ажиллагааг дэмжиж 13 айл өрхийн 6450 толгой малыг өдрийн цагаар инженерийн торны ард гарган бэлчээрлүүлж байгаа бөгөөд 15 айл өрхт нийт 59 тонн байгалийн хадлан тэжээл бэлтгүүлсэн, “Терроризмийн гэмт хэрэг, хилийн зөрчилөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт бүсийн сургалтыг зохион байгуулсэн гээд өнгөрсөн онд нэлээд ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мөн энэ үеэр хилийн цэргийн 0277-р ангийн захирагч, хурандаа Д.Нямсүрэн 2013 оны хил хамгаалалтын үр дүн, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмээний талаар,  Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Ч.Пүрэвдорж Хөрш орны хил орчмын нутаг дэвсгэрийн нөхцөл байдлын тухай, ОБХ-ийн орлогч дарга Б.Ядамжав Хилийн бүс, зурваст үүсэж болзошгүй гамшгийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар тус тус мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний төгсгөлд ХХТХ-ний зөвлөлийн 2014 онд хийгдэх ажлын төлөвлөгөө болон хамтын ажиллагаатай байгууллагуудтай 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөг тус тус хэлэлцэн баталлаа.

2014-01-20 17:58:03