“Эрүүл агаар-эм” сэдэвт нийтийн биеийн тамирын арга хэмжээ зохион байгууллаа
732 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран  “Идэвхтэй хөдөлгөөн-эрүүл мэнд” аяны хүрээнд Улиастай суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд “Эрүүл агаар-эм” сэдэвт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Цанын баазад болсон энэхүү үйл ажиллагаанд 22 байгууллагын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2013 оны А/332 тоот захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн байгууллагын ажилтан албан хаагчдад хөдөлгөөн, эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчилан, ажлын алжаалаа тайлж, амралт чөлөөт цагаа хамт олноороо эрүүл агаарт үр дүнтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм.

Байгууллагууд 1. Цасан урлалын тэмцээн 2. Уулын оргил булаалдах тэмцээн 3. Цасны сумо /Эрэгтэй, эмэгтэй/ 4. Олс татах тэмцээн 5. Хос чарганы уралдаан гэсэн төрлүүдээр өрсөлдсөн юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр нийтийн биеийн тамирын арга зүйч Д.Мишигбат, нарийн бичгийн дарга, шүүгчээр дасгалжуулагч багш Г.Ишдорж, шүүгчээр дасгалжуулагч багш Д.Бат-Өлзий, мэргэжилтэн Х.Жавхлан, Д.Уртнасан нар ажиллалаа.

Ингээд тэмцээний нэгдсэн дүн гарахад хүчний байгууллагууд хүчтэй гэдгээ эрхгүй харуулж Зэвсэгт хүчний 325-р анги тэргүүн байр, Цагдаагийн газар 2-р байр, харин Нэгдсэн эмнэлгийн хамт олон 3-р байрыг тус тус эзэллээ.

 

2014-01-20 18:41:23