Ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
798 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жил бүрийн сар шинийн баярын өмнө ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал ёсоор энэ жил ч мөн аймгийн удирдлагууд азай буурлуудаа ЗДТГ-ын “Хүндэтгэлийн өргөө”-нд хүлээн авч, гарын бэлэг гардууллаа. Аймгийн хэмжээнд 60-аас дээш настай 4383 ахмад настан, 90-ээс дээш настай 77 ахмад буурлууд байдаг байна. Харин 5129 ахмад аль нэг албан байгууллага, аж ахуйн нэгжид харьяалалгүй байдаг гэсэн судалгаа гарчээ. 1-р сарын 23-ны өдөр Жинст, Богдын гол, Жаргалант багийн ахмад настнуудаа хүлээн авсан бол 1-р сарын 24-нд Өлзийт, Товцог, Чигэстэй багийн хамгийн өндөр настай 300 ахмадад хүндэтгэл үзүүлсэн юм. Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал нар хэлсэн үгэндээ ахмадуудын маань улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хийсэн гавьяаг үнэлж баршгүй юм гэдгийг дурьдаад, морин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөлөө.

Мөн энэ үеэр аймгийн Ахмадын хорооны дарга Д.Дэчинсамбуу 2013 онд ахмадууддаа чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулсан гэдгийг хэллээ. Тухайлбал ахмадуудын зөвлөгөөн зохион байгуулсан, зарим сумд хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн бүхий ахмадуудад зориулсан дэлгүүр ажиллаж байгааг ч онцоллоо.

Харин 1-р сарын 25-ны 12:00 цагт аймгийн ХЖТеатрт Улиастай сумын албан байгууллага, аж ахуйн нэгжид харьяалагддаггүй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулах юм.

Орон нутгийн удирдлагуудын зүгээс Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, бодлого хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 2013 онд ахмад настны талаар хэрэгжүүлсэн ажлуудаас дурьдвал: 1. Аймгийн хэмжээнд нийт 6268 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд тэтгэврийн даатгалын сангаас нийт 8997 хүнд18,3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, 1781 хүнд 1,1 тэрбум төгрөгийн тэтгэмжийг хугацаанд нь олголоо. 2. Ахмад дайчин, харж хандах хүнгүй, амьдрал дорой ахмад настнуудад түлээ нүүрсний үнийн хөнгөлөлтөнд халамжийн сангаас 150 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. 3. Албан байгууллагын харьяалалгүй 4821 ахмад настанд цагаан сарын, 500 ахмадад ахмадын баяраар хүндэтгэл үзүүлж, 30 сая төгрөгийн гарын бэлэг гардууллаа. 4. Сум бүрийн ахмадын байгууллагад 1 сая, Улиастай, Тосонцэнгэл сумдын ахмадын байгууллагад тус бүр 2 сая төгрөг, нийт 26 сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас олголоо. 5. Улиастай сумын ахмад настны тээврийн үнийн хөнгөлөлтөнд аймгийн Засаг даргын нөөц сангаас 13 сая, Орон нутгийн хөгжлийн сангаас 4 сая, нийт 17 сая төгрөгийг зарцууллаа. 6. Улиастай, Тосонцэнгэл сумын ахмадын гэрлийн үнийн хөнгөлөлтөнд 10 сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргалаа. 7. Өргөдөл, хүсэлт ирүүлсэн 27 ахмад настанд 1.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. 8. Ахмадын рашаан сувилалд 170 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж 8 сая төгрөгийн эмчилгээ сувилгааны үнийн хөнгөлөлт үзүүллээ.

Түүнчлэн Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу 2014 онд Ахмадын ордонг 1,2 тэрбум төгрөгөөр барихаар шийдвэрлэсэн байна.

Сумдын ахмад настнууд болон өөрийн биеэр ирж чадаагүй ахмадуудад аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг очиж гарын бэлгийг нь гардуулах юм.

Аймгийн удирдлагуудын зүгээс ийнхүү ахмадуудынхаа амьдрал ахуй, эрүүл мэндэд тустай олон сайхан ажил зохион байгуулж, жил бүр хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад нь азай буурлууд талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.

2014-01-24 17:12:02