Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив сумын Засаг дарга нар болон байгууллагын дарга, эрхлэгч нартай гэрээ байгууллаа
763 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив өнөөдөр бүх сумын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нартай  “Төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн дарга нартай 2014 оны Үр дүнгийн гэрээг тус тус байгууллаа.

Төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний зорилго нь сумын Засаг даргаас аймгийн Засаг даргын төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхэд аймаг, сумын Засаг даргын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эцсийн үр дүнг үнэлж дүгнэх замаар тус суманд орон нутгийн төсвийн санхүүжилт, тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор үзүүлэх төрийн ба нийтлэг үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Харин Үр дүнгийн гэрээ нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлох зорилготой юм.

Боловсролын салбарын хувьд Боловсролын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлийн дагуу аймгийн Засаг дарга сумын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч, аймгийн Боловсролын газрын дарга нартай дөрвөлсөн гэрээ байгууллаа. Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив хэлэхдээ: Энэхүү гэрээнд удирдлагын нэгдмэл байдлыг хангах зарчим баримталсан бөгөөд хамгийн гол нь хамран сургалтыг нэмэгдүүлэх тал дээр нэлээн анхаарал хандуулсан гэдгийг хэллээ. Түүнчлэн ирэх жилүүдэд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын талаар дэвшүүлсэн зорилтуудыг сайн биелүүлж, багш нарын 2 дахь том үүрэг болох ард иргэдийг соён гэгээрүүлэх ажилд ихээхэн хувь нэмрээ оруулж, хойч ирээдүй үеийнхээ төлөө хичээн ажиллах ёстойг ч онцолсон юм.

Ингээд 2014 онд ажил үйлс өрнүүн, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүслээ.

2014-01-24 19:04:02