УИХ-ын чуулганы 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталлаа.
Хилийн боомтын тухай хууль 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин, тус газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болох юм.
Урьд нь хилийн боомтын талаар тухайлсан хууль байдаггүйн улмаас хилийн боомтын хөгжлийн асуудал, тэнд ажиллагсдын нийгмийн асуудал нэгдсэн бодлого, зохицуулалтгүй явж ирсэн аж.
Энэхүү хууль хэрэгжснээр хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бий болохоос гадна хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах боломж бүрдлээ. Мөн хилийн боомтод хийгдэж буй хяналт шалгалт чанаржин, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо бэхжиж, албан хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа сайжрах юм.
Хууль батлагдснаар шинээр байгуулагдах Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээж байна.
Тус байгууллага Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боломж бүрдэж байгаа юм.