Эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ төлөө эгэл бие, энгүй оюунаа олон жил харамгүй зориулсан 9 хүний хөдөлмөр зүтгэлийг 17-р жарны “Ялгуусан” хэмээх Модон Морин жилийн босгон дээр төр засгаас өндрөөр үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив Хүндэтгэлийн өргөөнд гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Улиастай сумын иргэн Арслангийн Гансүх, Данаажавын Цэвэлмаа, Алтан гадас одонгоор Улиастай сумын Жинст багийн өндөр настан Доржбалын Ламжав, Улиастай сумын Өлзийт багийн иргэн Даваагийн Батнасан, Улиастай сумын иргэн Цэдэндамбаагийн Оюунчимэг, Санравын Чимэдцэрэн нар, Хөдөлмөрийн хүндэт медалиар Улиастай сумын иргэн Тулгын Хүрэлбаатар, Арсэдийн Дашдорж, Дамдины Пүрэвцэрэн нар тус тус шагнагдаж төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа.
Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив эдгээр ахмадуудын нөр их хөдөлмөр, хийж бүтээсэн гавъяаг үнэлж баршгүй гэдгийг онцлоод эрүүл энх, урт удаан наслаж, өнө мөнхөд үр хүүхдүүд, ард түмнийхээ өмөг түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөлөө.