АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
687 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж “Завхан аймгийн Зөв Монгол хүүхэд” дэд хөтөлбөр, 2014 оныг “Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

МУ-ын ЗГ-ийн 2013 оны 295 дугаар тогтоолоор “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр батлагдсан бөгөөд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Зөв Монгол хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгагдсан билээ. Хүүхэд бүр эрүүл чийрэг бие бялдартай, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, насан туршдаа амьдрах арга ухаанд суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвшихөд гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэх зорилго бүхий энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2014 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Орон нутгийн төсвөөс 100 сая төгрөгийг зарцуулахаар тусгасан байна. Ийнхүү өнөөдөр аймгийн Боловсролын газрын дарга Д.Одгэрэл “Зөв Монгол хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, хөрөнгийн хуваарилалтыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

Аймгийн хэмжээнд ЕБС-ийн болон СӨБ-ын хамран сургалт улсын дунджаас дээгүүр байгаа хэдий ч сум бүрийн хамран сургалт, ачаалал харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл сургуулийн бүтэц, хэв шинж алдагдан, анги бүлэг дүүргэлт суралцагчдын тоо цөөрснөөс мэргэжлийн багш нарын үндсэн цаг хүрэлцэхгүй бусад хичээлийг зааж байгаа нь хүүхдийн хөгжил доголдох нэг шалтгаан болж байгаа юм. Тухайлбал 2013-2014 оны хичээлийн жилд ЕБС-д суралцагчдын 32.6 хувь нь зөвхөн Улиастай сумын 5 сургуульд суралцаж, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баянхайрхан сумын сургуулиуд хамран сургах тойргийн хүүхдийнхээ дөнгөж 26.6-69.1 хувийг хамруулж байна. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн 57.5 хувь нь өөртөө тохирсон старндартын шаардлагад нийцсэн ширээ сандлаар хангагдаагүй гэсэн судалгаа гарчээ.

Иймд Завхан аймгийн “Зөв Монгол хүүхэд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд бүр байгалиас заяасан авьяас чадвараа нээн хөгжүүлсний үр дүнд бага наснаасаа мэргэжлийн чиг баримжаатай болж, улмаар ажил мэргэжлээ зөв сонгон, цаашид эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй хөдөлмөрлөж, сайхан амьдрах цогц мэдлэг, чадвартай иргэн болж төлөвших нөхцөл бололцоо бүрдэх юм.

Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив энэ хөтөлбөр боловсролын байгууллагын менежментийг сайжруулахад бус зөвхөн хүүхдийн хөгжил рүү чиглэсэн байх ёстой гэдгийг онцлоод зарим заалтуудыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг хэллээ. Тухайлбал “Багш хөгжлийн төв” бус “Хүүхэд хөгжлийн төв”-тэй болох, хүүхдийн оролцооны байгууллагыг дэмжин ажиллаж тэднээр дамжуулан хүүхдийн зан хандлагыг төлөвшүүлэх нь зүйтэй зэрэг саналуудыг хэлж байлаа. Мөн Зөвлөлийн гишүүдийн зүгээс аймгийн түүх соёлын дурсгалт газруудаар хүүхдүүдийг аялуулах, хүүхэд багш солилцох ажлыг зохион байгуулах, төсвийн нарийвчилсан төлөвлөгөө гаргаж аймгийн Засаг даргаар батлуулах, Хүүхэд хөгжлийн төвийн загвар гаргах, дэд хөтөлбөрийг товхимолоор гаргаж 3 сарын 1 гэхэд бүх сургууль, цэцэрлэгийн багш нар, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, хамтран зохион байгуулах байгууллагуудаа тодорхой болгох зэргийг сануулаад “Зөв Монгол хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа.

Завхан аймаг 2014 оныг “Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг өнөөдөр мөн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Зөвлөлийн гишүүдийн зүгээс хотын суурьшлын бүсээс мал, тэжээвэр амьтдыг хэрхэн яаж гаргах вэ, хэдэн км-ийн зайг суурьшлын бүс гэж үзэх вэ, хөнгөлөлттэй зээлд ямар чиглэлийн үйлдвэрийг хамруулж дэмжих вэ, ундны усны эх үүсвэрийг хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авах вэ зэрэг асуултуудыг тавьж холбогдох хариултыг авлаа. Түүнчлэн төлөвлөгөөгөө тодорхой болгох, түлш, чулуу, хог боловсруулах үйлдвэрүүдийн асуудлыг мөн тодорхой болгож оруулах, “Хог хаягдал-Бидний эрүүл мэнд” аян зохион байгуулах, төв суурин газрын иргэн бүр нэгээс доошгүй мод тарьж ургуулах, зам тавьж байгаа компаниудын нөхөн сэргээлтийг сайн хийлгэх тал дээр анхаарч ажиллах, Өлзийт, Богдын гол, Жинст багуудын малыг эхний ээлжинд хотын суурьшлын бүсээс гаргахаар төлөвлөх, “Завхан аймгийн тогтвортой хөгжлийн стратеги” онол практикийн бага хурлаас гарсан товхимолыг судлаж ашиглах, Аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог тодорхой болгох, энэ жил Завхан аймагт зохион байгуулах онцгой байдлын команд штабын сургуулилтын үеэр Богдын голын усны хамгаалалтын даланг олон нийтийн оролцоог ашиглан хийх хэрэгтэй зэрэг саналуудыг хэллээ. Ингээд “Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг 14 хоногт багтаан эцсийн байдлаар боловсруулж дахин танилцуулахаар боллоо.

2014-02-07 19:24:21