Завхан аймаг терроризмтой тэмцэх чиглэлээр хийсэн ажлаараа тэргүүлэв
907 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Завхан аймаг дахь Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах салбар зөвлөл, ТЕГ-ын Завхан аймаг дахь хэлтэс хамтран “Болзошгүй террорист халдлагын үед орон нутагт Шуурхай штабыг зохион байгуулах нь” сэдэвт танхимын сургалтыг 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10,00-17,00 цагийн хооронд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг нээж ТТАЗСЗ-ийн дарга бөгөөд Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Монгол Улсын ТТАЗЗ-ийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Эрдэнэбаяр нар үг хэлж, сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

Аймгийн Засаг даргын  2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Хилийн болон хил орчмын 9 сумын төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлж, хил хамгаалалтанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн 11 сард “Хил хамгаалалт-Терроризмын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт бүсийн сургалтыг Завхан аймагт анх удаа амжилттай зохион байгуулсан билээ. Энэ мэтчилэн терроризмтэй тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг нь сайшааж Монгол улсын терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлөөс ТТАЗЗ-ийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд Иргэнийхээ аюулгүй амьдрах орчныг бүрдүүүлэх, төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэж 2013 оны ажлаараа тэргүүлсэн амжилтыг үнэлж “Батламж” гардууллаа.

“Болзошгүй террорист халдлагын үед орон нутагт Шуурхай штабыг зохион байгуулах нь” сургалтын хүрээнд Терроризм гэж юуг хэлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, аливаа халдлагын үед Шуурхай штабыг хэрхэн зохион байгуулах,  удирдлагаар хэрхэн хангах, Олон улсын терроризмын болон Монгол Улс дахь терроризмын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар хичээл заалаа.

Мөн сургалтын үеэр Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх “Алтан гадас” одонт Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ө.Болд нар тус аймагт терроризмтой тэмцэх чиглэлээр анхаарах зарим асуудлын талаар товч мэдээлэл хийв.

Сургалтанд Завхан аймгийн ЗДТГ, БОАЖГ, Цэргийн штаб, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Татварын хэлтэс, Тээвэр, автозамын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, “Доной” нисэх буудал, Хөгжимт жүжгийн театр, ГИХАЭА-ны төлөөлөл, Эрүүл мэндийн газар, ТЕГ-ын Завхан аймаг дахь хэлтэс зэрэг 30 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 500 орчим албан хаагч, иргэд оролцлоо.

Өнгөрсөн 2012 оны 4 дүгээр сард тус аймгийн Эрчим хүчний үйлдвэр дээр терроризмын сургалт, дадлагыг явуулж байсан бөгөөд энэ удаагийн сургалт нь гадаадын болон манай улсад болж өнгөрсөн террорист халдлагуудаас жишээ татан, түүний алдаа, сургамжтай талыг нь тайлбарлан ярилцсанаараа онцлог байлаа.

2014-02-26 09:38:01