Улиастай сумын 6 багт аймгийн Засаг даргын 2013 оны ажлын тайланг тавилаа
848 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг даргын 2013 оны ажлын тайланг 15 сумд тавиад байгаа бол 02 сарын 22-26-ны өдрүүдэд аймгийн төв Улиастай хотын 6 багийн иргэдэд тайланг тависнаар нийт 16 сумын иргэд 2013 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Энэ үеэр өнгөрсөн онд Санхүү, эдийн засгийн бодлого, нийгмийн бодлого, хөгжлийн бодлого, хууль эрх зүй, төрийн удирдлагын бодлогын хүрээнд тус тус хийсэн ажлуудаа тайлагнаснаас гадна 2014 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. Тухайлбал 2014 онд Тэлмэн суманд 100 мВт-ын дулааны цахилгаан станцын барилгын ажил эхэлнэ, Улиастай суманд баригдах 35 мВт-ын дулааны цахилгаан станцын барилга, шугам сүлжээний шинэчлэлийн ажил хийгдэж эхэлнэ, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улиастай суманд Жишиг хорооллын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж, 250 айлын орон сууцыг ашиглалтанд оруулна, Богдын гол багт 100 айлын дахин төлөвлөлтийг хийж инженерийн дэд бүтцэд холбоно, Чигэстэй, Богдын гол багуудад “Иргэний хөгжлийн төв”-ийг байгуулна, Улаанбаатар хоттой холбогдох авто замын ажил үргэлжилнэ, Улиастай, Тосонцэнгэл сумдын хатуу хучилттай авто замын ажлыг үргэлжлүүлнэ, Их-Уул сумын Идэрийн голын төмөр бетон гүүрийг ашиглалтанд оруулна, Ахмадын болон амьдрах ухааны ордны барилгыг эхлүүлнэ, Халдвартын 30 ортой эмнэлэгтэй болно, Тэлмэн суманд түмэн адууны баярыг зохион байгуулна, иргэдийн санал асуулгаар Завхан аймгийн 9 гайхамшигийг тодруулна, Номин худалдааны төвийн салбарыг Улиастай хотод ажиллуулна, “Эрүүл мэнд-Эрс шинэчлэл”, “Зөв Монгол хүүхэд”, “Зөв амьдрах урлагийг дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх”, Хүүхэд залуусын хөгжлийн  хөтөлбөр зэрэг томоохон хөтөлбөрүүд хэрэгжинэ гээд оюуны болоод бүтээн байгуулалтын олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Иргэдийн хувьд тайлангийн хуралд нэлээд ач холбогдол өгч идэвхтэй оролцсон бөгөөд аймгийн Засаг даргын 2013 оны ажлуудыг үнэлж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлснээс гадна цаашид ч төрөлх нутгийнхаа хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө олон шинэлэг ажил хийхийг хүслээ. Түүнчлэн иргэд салбар бүрийн олон асуудлаар сонирхсон асуултаа асууж, аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив болон Улиастай сумын Засаг дарга Д.Энх-Амгалан, Улиастай сумын ИТХ-ын дарга Ч.Нямхүү, хэлтэс, агентлагийн дарга нар холбогдох хариултуудыг өглөө.  

2014-02-27 10:13:02