Өнгөрсөн баасан гаригт Cedaw-Watch ТББ, ЗДТГ-ын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс “ Авлигын эсрэг хамтдаа аян”-ыг зохион байгууллаа. Тус аяны үеэр байгууллага аж ахуй нэгж, бизнес эрхлэгч, ард иргэдэд “2014 оны Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” бүхий товхимолыг тараалаа. Зорилго нь иргэдэд мэдээллийг ил тод, хүртээмжтэй болгож, тэдний оролцоо, хяналтыг идэвхжүүлэхэд оршино.
Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсож,тэмдэглэн олон нийтэд хүртээмжтэй байх үүднээс аяны хүрээнд мэдээлэл хийж авлигын эсрэг сурталчиллаа.Иргэдийн хэлж байгаагаар төрийн албан хаагчид хүнд суртал гаргадгаас үүдэлтэй, иргэд хээл хахууль өгөх, авилгалд өртөх хандлага их байгаа гэж байгаа юм. Иймд албан хаагчид хуулийн хүрээнд эрх, үүргээ биелүүлж түргэн шуурхай, ёс зүйтэй ажиллаж, үйлчлэхийг хүсч байна. Нөгөөтэйгүүр эрх бүхий албан тушаалтны тогтвортой ажиллах нөхцлийг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь авлигатай тэмцэх нэг хэлбэр байж болох талтайг хэлж байсан. Завхан аймагт авилгал, хээл хахууль байгаа гэдгийг уулзалтанд оролцсон нийт иргэд нэгэн дуугаар хэлж буй нь үнэхээр авилгатай тэмцэх хэрэгтэйг сануулсан явдал боллоо.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2014 оныг Төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг өндөржүүлж, Ёс зүйг дээдэлсэн жил болгон зарласан юм. Үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдыг хариуцлагатай, ёс зүйтэй байлгахад хяналт тавьж ажиллахын зэрэгцээгээр ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах ажил эрчимжиж байгаа нь авлигын эсрэг нэгэн үйл ажил болно хэмээн итгэж байна