Амралтын өдрөөр сумдад ажилладаг аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар энэ амралтын өдрүүдээр Идэр, Тэлмэн, Түдэвтэй, Цэцэн-Уул, Яруу сумдад ажиллалаа. Түүний очсон эхний сум нь Идэр сум.
Энэ сумын ИТХурал болон ЗДТГ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, цаг үеийн ажил болох мал төллөлт ид үргэлжилж байгаа учраас багууддаа ажиллаж байгаа талаараа танилцуулж байлаа.
Идэр суманд ажиллах үед сонирхол татсан зүйл нь монгол бичгээр сумынхаа албан байгуулагуудын хаяг, ажилчдын нэр, албан тушаалыг монгол бичгээр бичсэн явдал байв.МУ-ын Засгийн газраас монгол бичгээ уламжлан авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор албан хэрэг хөтлөлтийг монгол бичгээр хөтлөх бодлого барин ажиллаж байгаа ч одоогоор бүх нийтийн үйл хэрэг болж чадаагүй байгаа.
Тэгвэл Засгийн газрын энэ бодлогыг алс хөдөөгийн Идэр сумынхан дэмжин үйл ажиллагаандаа нэвтрүүлж бодит ажил болгон ажиллаж байгаа нь бахархууштай.
Идэр сумаас халх даяар алдартай хоёр хутагт төрсөн байдаг. Тэр хирээрээ энэ нутгийнхан өв соёлоо хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаардаг учир Монгол түмний агуу соёл болох эх бичгээ хойш үедээ өвлүүлэн үлдээхэд бусдыгаа манлайлан ажиллах, улмаар сум даяараа монгол бичигтэн болох аян өрнүүлжээ.