Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ой боллоо
1136 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүн төрлөхтний түүхийн явцад төр улс бий болж, оршин тогтохын төлөө овог аймгууд өөр хоорондоо тэмцэлдэн дайтаж ирсэн. Өнөөдрийн цаг хугацаанд ч төр улс оршин тогтнох, тусгаар тогтнолоо хамгаалах нэг гол хүчин бол цэрэг арми юм. Тэрхүү зэвсэглэсэн хэсэг бүлэг хүмүүсийг удирдан зохион байгуулах, дайн байлдаанд бэлтгэхийн тулд тэднийг жолоодон удирдагч, жанжинууд түүхэн явцад бий болсон нь цэргийн цол, хэргэм зэрэг үүсэх түүхэн нөхцөл болсон байна.

Анх 1944 оны 04 дүгээр сарын 28-ны эл өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор генерал хэмээх цолыг бий болгож 11 хүнд хүртээж байсан түүхтэй. Тус 11 хүний дотор Завхан аймгийн харъяат Батын Дорж, Донровын Дамдинхүү, Рагчаагйн Осор нар байжээ. Өнөөдөр Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ой болж байгаа бөгөөд энэхүү түүхэн хугацаанд нийт 160 хүн Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн байдаг ба тэрний дунд Завхан аймгаас Монгол Улсын баатар, армийн генерал Б.Дорж, дэслэгч генерал Г.Дамдинсүрэн, Ц.Бямбажав, хошууч генерал Д.Дамдинхүү, Р.Осор, бригадын генерал А.Лхагвасүрэн, Ш.Лхачинжав нарын зэрэг нийт 19 генерал цолтон төрсөн нь одоогийн байдлаар хамгийн олон генералтай аймаг хэмээгдэж байна. Тэднээс Армийн генерал-1, Дэслэгч генерал-2, Хошууч генерал-14, Бригадын генерал-2 тус тус төржээ.

Генерал цол бий болсны 70 жилийн ойг тохиолдуулан Завхан аймгаас төрсөн генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга Ж.Жамъятив, Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга, “Сонор трейд” группын ерөнхий захирал Б.Энхболд, Хилийн цэргийн удирдах газрын даргын 1-р орлогч, газрын штабын дарга асан хошууч генерал Ж.Дашдаваа, ШШБЕГ-ын дарга асан хошууч генерал Л.Гарамжил, ХЦУГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга асан хошууч генерал С.Гүржав, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, ТЕГ-ын дэд дарга асан хошууч генерал Д.Чимэд-Юндэн, ЦЕГ-ын дарга асан хошууч генерал Д.Сандаг-Очир, ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч асан хошууч генерал А.Баатарцогт, ЗХЖШ-ын орлогч дарга асан хошууч генерал М.Жаргал, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга асан бригадын генерал А.Лхагвасүрэн, ХХЕГ-ын дарга бригадын генерал Ш.Лхачинжав болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив хүндэтгэлийн арга хэмжээнд уригдан оролцож байгаа нутгийн генералууддаа генерал цол бий болсны 70 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, тэдний улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, улс орны бүтээн байгуулалтад оруулсан алдар гавъяаг нутгийн удирдлага, ард олон бахархан дурсаж байдгийг онцлон тэмдэглээд аймаг орон нутгийн хөгжил дэвшил, ажил үйлсийн талаар мэдээлэл өгч мэндчилгээ дэвшүүллээ.

2014-04-27 15:05:14