Япон улсын Катетрын оношлогоо, эмчилгээний багынхан HSP-ын буцалтгүй тусламжаар 3 өдрийн турш Улиастай хотод ажиллаж байна.Тэрээр хүүхдийг оношлох, катетртай хүүхдэд үзлэг хийх, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх зорилгоор 2 хагас, нэг бүтэн өдөр Улиастайн төв эмнэлэг дээр монгол эмч нарын хамт ажиллалаа. Heart Saving Project (HSP) буюу сайн дурын Ашгийн Бус Байгууллага нь Япон улсын Хүүхдийн зүрхний мэргэжлийн эмч нарын гадаад улсад сайн дурын буцалтгүй эмнэлэгийн тусламж үзүүлэх ажлыг дэмждэг байгууллага юм.Төрөлхийн зүрхний өвчин нь олон төрөл анги байдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд өөрөө эдгэдэг нэг байхад цаг алдах тусам аминд халтай нь ч бий. Өвчнийг тодорхой нарийн оношилсноор 90%-иас илүүг дотуур эмчилгээ болон гадуур мэс заслын аргуудаар эмчлэн эдгээж болдог юм байна.
Манай аймагт битгий хэл улсад ч ховор тооцогдох техник төхөөрөмжөөр Япон улсын мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй , үзлэг, оношлогоо хийж байна. Хүүхдээ оношлуулахаар ирсэн иргэд, эцэг эхчүүд туйлын талархууштай хэрэг боллоо хэмээн ихэд баярлаж байна билээ. Наран улсын катетрын оношлогоо, эмчилгээний багынхан 5 дугаар сарын 8 хүртэл Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон 3-р эмнэлэгүүдэд ажиллах төлөвлөгөөтэй юм байна. HSP нь өндөр технологийн эмчилгээг монгол улсад нэвтрүүлж, монгол эмч нартай хамтран ажилласнаар цаашлаад монголын эмч, эмнэлгийн хөгжилд их хувь нэмэр оруулахыг хүсч байгаа гэнэ.
PDA-ийн эмчилгээний арга буюу Катетр эмчилгээ (Catheter Intervention) нь дэлхий дахинд 1980 оны үеэс хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тэр дундаа Япон улс эмчилгээний арга технологиороо тэргүүлдэг юм. Мэс заслын эмчилгээнээс Катетр эмчилгээ нь өвчтөнд учрах хүндрэл багатайгаараа ялгаатай. Мөн зүрхийг зогсоохгүйгээр өөрөөр хэлбэл зүрхний хиймэл цохилтын төхөөрөмжний шаардлагүйгээр хийгдэх боломжтой юм байна.
Өдгөө Монгол улсад насанд хүрэгчдийн катетер эмчилгээ жилдээ 1700 гаруй тохиолдож МУ-ынП.Н. Шастины нэрэмжит төв эмнэлэг дээр хийгддэг байна. Харин хүүхдийн хувьд бие организмболон өвчний байдал зэрэг нь насанд хүрэгчдээс онцлог байдаг. Тиймээс П.Н. Шастины нэрэмжит төв эмнэлэг дээр хүүхдийн катетр эмчилгээ хийхэд нарийн арга мэдлэг дутагддаг талтай хэмээн мэргэжилтэн нар үзэж байна.
Одоогоор HSP нь Монгол улруу чиглэсэн тусламжын гараа сунгаад байгаа юм. HSP-д Төрөлхийн зүрхний өвчтэй хүүхдийн мэргэжлийн эмч нар гишүүнээр элссэн байдаг. Төрөлхийн зүрхний согог өвчтэй төрсөн хүүхдийн тоо дэлхийд шинээр төрөгсдийн 1%-тай тэнцдэг гэсэн тоо баримт байдаг. Япон улсад 2010 онд нийт 1 сая 71306 хүн шинээр төрж түүний 10,000 гаруй нярай хүүхэд төрөлхийн зүрхний согогтой байсан байна. Харин Монгол улсын хувьд 2010 онд ойролцоогоор нийт 50,000 орчим хүн шинээр төрснөөс 500 гаруй төрөлхийн зүрхний өвчтэй хүүхэд төрж байна гэсэн судалгаа гарсан байна. Гэвч тус байгууллага сүүлийн 10 жилд үйл ажиллагаа явуулах хугацаанд Монгол улсад шинээр төрөх өвчтөний тоо дэлхийн тогтоосон шинээр төрөх хүнтэй нь харьцуулсан дундаж хувиас давж гарах төлөвтэй байна гэж таамаглаж байна.
Төрөлхийн зүрхний өвчтэй төрөх нь удамших эсвэл олдмол гэсэн олон шалтгаан байдаг хэдий ч өнөөдрийг хүртэл дэлхийн хэмжээнд албан ёсоор учир шалтгааныг нь олоогүй байгаа юм.
Япон улсын хувьд эмэгтэй хүн ураг тээсэн цагаас эхо оношлогооны аппаратаар хэвийн бойжиж буй эсэхийг шинжлэн 6 сартай орчимд бүрэн оношилж, өвчтэй тохиолдолд эмчилгээг нарийн тогтоон нярайг төрөнгүүт цаг алдалгүй эмчилгээ хийдэг. Харин Монгол улс өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгийн эмнэлэг тоног төхөөрөмж бүрэн хангагдаагүйгээс хүүхэд төрснөөс хожуу үзлэг хийсэн эмчийн сэжиг таамаглалаар эсхүл хүүхэд цианоз буюу хөхрөлт өгч эхэлсэнээс хойш өвчнийг анх оношилдог байна.
Төрөлхийн зүрхний өвчин дотор эмчилгээ сайн авдаг нь “Patent Ductus Arteriosus” буюу(PDA) төрөл юм. Японд энэ өвчнийг бараг 100% орчим эмчилж хүүхдүүд эдгэж эрүүл болдог нь хэвийн үзэгдэл билээ. Гэтэл энэхүү PDA-аар Монголын хүүхэд өвдөж нас барж байхыг японы Хүүхдийн зүрхний эмч нар мэдсэнээр HSP үйл ажиллагаагаа эхлүүлэх түлхүүр болжээ.
Хөдөө орон нутгийн оношлогоо
2003 оноос эхлэн HSP ЭНЭШТ-ийн эмч нартай хамтран монголын бүх аймгуудын нэгдсэн эмнэлэгээр зочлон оношлогоог хийж байна. Оношлогоонд японоос эсвэл ЭНЭШТ-өөс зөөврийн зүрхний эхо оношлогооны аппарат авч очин, урьдчилан цуглуулсан зүрхний өвчтэй байж болзошгүй хүүхдүүдэд үзлэг хийдэг. Энэ оношлогооны үеэр ямар нэг зүрхний согог илэрсэн тохиолдолд өвчтөнийг Улаанбаатар хотод ЭНЭШТөв дээр HSP-ээс монголд ирэх дараагийн багад үзүүлэхээр бүртгэдэг болно. Гэвч эдгээр эмчилгээ шаардлагатай гэж оношлогдсон хүүхдүүдээс ар гэр нь Улаанбаатар хот руу үзүүлхээр орж ирэх санхүүгийн боломжгүйгээс эмчлүүлж чадахгүй хүүхэд багагүй байдаг байна.
Эмчилгээний цаг хугацаа
Хүүхдийн төрөлхийн зүрхний өвчнийг эмчлэх нэг арга болох Катетр эмчилгээ нь хүүхэд тус бүрт өвчний байдлаас хамааран өөр өөр цаг хугацаанд эмчилнэ. Яаралтай эмчилгээ шаардлагатай, хагас жилээс 1 жилийн хугацаанд эмчилгээ шаардлагатай, нэгээс 2 жилийн хугацаанд ажиглан яваандаа өөрөө эдгэрэх магадлалтай гэх мэт ангилна. Мөн орон нутгаар үзлэг оношлогоо хийх явцад аль хэдийн цаг алдсан эмчилгээгүй болсон тохиолдол ч цөөнгүй гардаг аж. Тиймээс өвчнийг хурдан олж илрүүлэх нь дээрх өвчтэй хүүхдэд амьдрал бэлэглэх боломжыг олгодог байна.