Отгонтэнгэр хайрханы Орон нутгийн тахилга боллоо
757 ХҮН ҮЗСЭН БАЙНА

            Отгонтэнгэр уулын Орон нутгийн тахилгыг Засаг дарга, Засаг даргын тамгын газар,” Төгс Буянт Жавхлант хийд”-тэй хамтран  энэ сарын 20-ны өдөр зохион байгууллаа . Завхан аймагт  байгаль  орчин, ногоон хөгжлийн жил болгон зарласан 2014 онтой Орон нутгийн тахилга  тохиож байна.

 Очирваанийн орноо наран ургаж, нарны сацраг бүрээрээ хүн зоныг тэтгэсэн, амгалан өглөөний 05 цагт  Хангайн нурууны хан оргил Отгонтэнгэр хайрханы эзэн тэнгэр, савдгийг тайх тахилга эхэлсэн юм.

Энэхүү шашин төрийн хосолмол  ёслолд аймгийн засаг дарга Ж.Жамъянтив, Жалханз хутагтын 21-р дүр Чулуунбаатарын Данзанчойжийванчиг гэгээнтэн , Засаг даргын орлогч Ч.Пунцаг, ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболд, Отгон сумын засаг дарга  Ж.Амгаланбаяр , ард иргэд, сүсэгтэн олны 400 –аад хүмүүс оролцож даган баяслаа.

 Мөн “Төгс Буянт Жавхлант хийд”-ийн гэвш  С. Баяндорж нарын 40 гаруй лам  хуврага,  Тосонцэнгэл сумын хамба лам Б. Болдбаатар,  Цэцэн уул, Отгон сумдаас хориод лам хуврага хамрагдсан байна. Отгонтэнгэрийн Орон нутгийн тахилгад Жалханз хутагтын 21-р дүр Чулуунбаатарын Данзанчойжийванчиг гэгээнтэн оролцсон нь ихэд билэгшээлтэй үйл явдал боллоо.

Хайрхан уулаа тахихын өмнө Очирваань сахиус,  Ламын чодов , Намдаг сан  зэрэг номуудыг айлдаж зорин ирэгсэд даллага авч, Отгонтэнгэртээ сүслэн мөргөж буян заяагаа даатгаж, эрчүүд нь Бадархундага нууртаа очиж хийморь, лундаагаа сэргээсэн төгөлдөр сайхан тахилга болж өнгөрлөө.

 

 

2014-06-23 12:40:21